Сурагчдын зуны амралтаар хичээллэх дугуйлан секц хомс байна
Хаврын улирал хэдийнээ дуусч зуны дэлгэр цаг ирлээ. Мэдээж хэрэг зуны улирал ирэхээр оюутан сурагчдын утр, удаан зуны амралт эхэлдэг. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ амралтаар нь хувь хүн талаас нь хөгжүүлэх сонирхолтой болж, төрөл бүрийн дугуйлан, секцүүдэд хичээллэх нь ихэссэн байна. Гэвч улсын гэх тодотголтой байгууллагуудын тухайд зуны улиралд амардаг аж. Тухайлбал Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг байгууллагуудын нэг хичээлийн жил зургаадугаар сард дуусаж, амралт нь эхэлдэг байна.
 
Монголын хүүхдийн ордны дугуйлангуудад хамрагдахыг хүсдэг хүүхдүүд олон. Гэвч гэрээс нь хол болохоор тэр бүр хамрагдаад байж чаддаггүй. Тэгвэл Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар болсон. Харин эдгээр дугуйлангууд ч мөн ялгаагүй долоодугаар сарын 1  хүртэл хичээллээд амардаг аж.
 
Хүүхдийн ордны хувьд, уран бүтээл, хэл, урлагийн төрлөөр 27 дугуйлан хичээллэж, одоогоор 2000 орчим хүүхэд суралцаж байна. Хүүхдүүд мөн л хичээлийн бус цагаар сонирхсон ангидаа суралцана. Хэл, уран бүтээлийн ангиуд хоёр жилийн сургалттай. Харин урлагийн дугуйланг сонгосон хүүхдүүд сургуулиа төгстлөө сураад үргэлжлүүлэн мэргэжлийн их, дээд сургуульд элсэн орох боломжтой. Тухайлбал дууны дугуйланд суралцаж буй хүүхэд дуу, хөгжим, нотны талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болохоос гадна тайзны соёл зэрэг олон чадварыг эзэмшдэг байна. Мөн гүнзгийрүүлэн судалж буй хүүхдүүд нотоор дуулахаас гадна сонсож буй хөгжмөө нотлон бичихийг хүртэл сурдаг аж. Тиймээс эзэмшихийг хүссэн мэргэжлийнхээ анхан шатны мэдэгдэхүүнтэй болоход өндөр ач холбогдолтой юм байна. Харин хөгжмийн дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүдэд сануулж хэлэхэд, гэртээ заавал хөгжимтэй байх шаардлагатай гэнэ. Үзсэн хичээлээ илүү бататгаж, дасгал хийлгэхийн тулд багш нар нь ийм шаардлага тавьдаг аж.
 
Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв. Тус төвийнхөн энэ хичээлийн жилд уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16 ангид 600 гаруй хүүхдийг хичээллүүлдэг байна.
 
Тэгвэл улсын гэх тодотголтой дээрх байгууллагууд зуны улиралд амардаг бол хувийн төлбөртэй сургалтууд зуны улиралд эрэлттэй байдаг байна. Эцэг эхчүүдийн хувьд охидоо хөгжим, бүжгийн сургалтад ихээхэн хамруулдаг бол, хөвгүүдийг  спортын болоод шатрын дугуйланд хичээллүүлэх сонирхолтой байдаг аж.
 
Харин эдгээр дугуйлан секцүүдийн төлбөр 50 мянгаас 300 мянган төгрөгийн  үнэтэй байдаг байна.  Хөгжмийн ихэнх сургалтын сарын төлбөр 80-120 мянга байдаг бол балетын дугуйлангийн төлбөр нэг сар нь 100-150 мянган төгрөгийн төлбөртэй байна.Харин Монгол бүжгийн дугуйлангийн төлбөр 50-80 мянган төгрөг байдаг аж.
 
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эцэг эхчүүдийн хамгийн их сонирхох болсон Монголын Оюун Ухааны Академийн зуны сургалт 360 мянган төгрөгийн  төлбөртэй. Одоогоор зуны сургалтын бүртгэл нь эхэлсэн байна. Ой тогтоолт эсвэл цээж бодолтын нэг шатны сургалт нь хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу 12 долоо хоног (3 сар орчим) үргэлжилдэг ба 24 удаагийн хичээл (48 цаг) байдаг бол зуны хугацаанд 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр хичээлийн хоёр цагаар орно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.