Хакүхо Нацү башёг өнгөлөх үү

Японы мэргэжлийн сүмо­гийн Нацү башё өнөөдрийн байдлаар зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Гэвч, Нацү башё эхний өдрөөсөө л аваргуудад халгаатай байна. Өнгөрсөн хоёр башёд дараалан түрүүлж, 19 жилийн дараах анхны япон аварга болсон Кисэносато хэрхэн барилдах нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Тэрбээр Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдааны үеэр гэмтээсэн зүүн гараа бүрэн гүйцэт эдгээж чадалгүй аз эзэнд найдан хатуу дэвжээнд гарсан билээ.  

Башёгийн өмнө аварга Китанофүжи “Дэвжээнд гарсан ч там, өнжсөн ч там” хэмээн урам зориг өгсөн. Гэсэн хэдий ч, хүнд бэрхшээлийг даван туулж, гурав дахь башёдоо дахин түрүүлж чадах болов уу. Ямартай ч бүхий л хүчээ дайчлах нь ойлгомжтой. Гэвч, сүмогийн дэмжээнд удаан барилдах эсэх нь энэ башёгоос хамаарах учраас түүний хувьд хүндхэн 15 өдөр өнгөрөх нь мэдээж. Энэ башё түүний хувьд тун халгаатай эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар хоёр унаа, гурван даваатай байна.

Нөгөөтэйгүүр, Хакүхог дурьдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр өнгөрсөн башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд магэшира Икиод ялагдаж, баруун хөлнийхөө гэмтлийг сэдрээж орхисон. Улмаар тав дахь өдрөөс башёг орхисон удаатай. Дараа нь эх орондоо ирж  эмчилгээ хийлгэсэн байдаг. Азаар өнгөрсөн жилийн Нацүбашёгоос хойш гэмтэл нь эдгэрч,  хэвийн байдалдаа орохтой зэрэгцэн хүч чадал нь ч сэргэж эхэлсэн юм.  Түүний хувьд өнгөрсөн жил оролцож чадаагүй башёдоо түрүүлж, эзэн хааны цомоо эргүүлэн авах бэлтгэлээ сайтар базаасан нь лавтай. Тэрбээр нэг ч унаагүй яваа билээ. Өнгөрсөн башёд болсон шиг зүйл болохгүй бол Хакүхо энэ оны гол зорилго болох 1047 дахь даваагаа авахад тун дөхөж очих юм. Тэрбээр өчигдрийн барилдаанд тав дахь даваагаа авч, нэг ч ялагдалгүй яваа бөгөөд энэ нь түүний  1022 даваа юм.

Зөвхөн Хакүхо ч биш. Аварга Харүмафүжи, Какүрю нар ч гэсэн бэртэлтэй байгаа ч, аваргын ёс жудаг, хариуцлага, үүргээ гүйцэтгэхийг тулд бүгд л ялалтын төлөө барилдаж байна.  Какүрю аваргын тухайд энэ башёд тун ч од муутай байгаа. Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд ялагдсанаар гурван унаа, нэг даваатайгаар башёг орхилоо. Какүрю аварга цолтой болсноосоо хойш анх удаагаа гурав дараалан унссан нь энэ юм. Түүний гэмтэл нь сэдэрсэн гэх мэдээлэл байна. Харин аварга Харүмафүжи нэг ч ялагдалгүй явна. Түүнчлэн, хаврын барилдаанд Кисэносатотой башёг дуустал ширүүн өрсөлдсөн Тэрүнофүжи ч энэ удаа даагаа нэхэн хоёр дахь удаагаа эзэн хааны цом өргөхийг хүсэх нь мэдээж. Тэрүнофүжи өчигдрийн барилдаанд Котошёогикүтэй оноолт таарч, гурав дахь даваагаа авсан юм.

Энэ мэтээр гурван аваргын тухайд энэ башё тун ч халгаатай байгаа. Харин монголчууд бидний хувьд  Хакүхо Д.Даваажаргал, Харүмафүжи нар цаашид ялалтаа хадгалж чадах эсэхийг хүлээх л үлдлээ. Нацү башё дуусахад одоо 10 хоног үлдээд байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.