Авлигын хэрэгт холбогдсон гаалийнхны  хэргийг хэрхэх вэ
Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь  гаалийн газрын нэр бүхий 36 байцаагч авлигын хэргээр шалгагдаж байгаа. Тэдний хэрэг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд шилжсэн.
 
Тэгвэл авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон дээрх байцаагчдыг шүүх хурал энэ сарын 31-нд буюу ирэх лхагва гарагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2, 263.2 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган, шүүнэ. Хэрэв гэм буруутай нь  5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
 
Холбогдсон хэргийг сийрүүлбэл, Гаалийн байцаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд ногдуулах татварын мөнгийг дутуу тооцох, хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан бусдаас удаа дараа хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгагдсан.
 
Өөрөөр хэлбэл дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж ойлгож болно. Ямартай ч бүтэн жил гаруй хугацаанд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
 
Үүнээс гадна дээрх байцаагчдын хоёр нь худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр ялын зүйл ангиа нэмүүлсэн аж. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 245.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг.
 
Тэдэнд холбогдох хэрэг хуулийн ямар заалттай вэ...
 
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
269.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.