Ч.Гантулга: Соёлын довтолгооны хоёрдугаар хувьсгалыг хийх цаг болсон...

НИТХ-ын төлөөлөгч, Санхүү эдийн засгийн хороо, Хууль эрхзүй төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хороон дарга, Замын түгжрэл ажлын хэсгийн гишүүн. Бүгд Найрамдах Унгар Улсын өргөмжит консул. Эрх зүйч, улс төрч мэргэжилтэй.  

-НИТХ 10 дугаар хуралдаанаа хийлээ. Эндээс онцлох зүйл нь юу байв?

-Хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд хурлын ажлын хуваарийн дагуу асуудлууд орж төсвийн тодотголоо хийлээ. 2017 оны хоёрдугаар хагаст хийх ажил их байна. Дэд бүтцийн ажлууд зам, ногоон байгууламж, дулаан, цэвэр, бохир усны урсгал засварууд гээд олон асуудлын төсөв мөнгө батлагдаж ажлууд эхэлж байна.  Өмнөх жилүүдэд ажил хийгдээгүй биш хийгдсэн. Бид энэ бүхнийг шүүмжлэхээсээ илүү буруу дутууг нь засч залруулах, сайжруулах мөнгө санхүүгийн зөв менежментийг бий болгох зорилго тавьж төсвөө баталсан. Манай нийслэлчүүд харж байгаа байх. Гудамж хөдөлгөөн гэж 50 байршилд зам нээлээ. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг судалж зөвшөөрөлгүй барьсан хашаа, явган хүний зам хаасан барилгуудыг нүүлгэх ажил зохион байгуулж байна. Төв зам дагуу олон наст нарс, хайлаас, хайлаар тарилаа.  Бодлогын шинжтэй ажлуудыг зохион байгуулж эрхзүй, хотын дүрэм, байгууллага, компани, хувь хүмүүстэй нягт хамтарч ажиллахыг илүүд үзсэн. Үр дүнгээ өгч эхэлж байна. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд манай  хот их замбараагүй явж иржээ. Газар олголт, төлөвлөлт, хөрөнгө оруулалт гээд л. Энэ бүхнийг одоо л цэгцэлж цаашид 5, 10 жил зөв зохион байгуулах нь эхний шаардлага байлаа. Хогны ногоон уут, нэг наст цэцэг гээд өндөр зардалтай ажлуудыг зогсоосон.

-Та замын түгжрэлийн ажлын хэсгийн гишүүн. Ойрын үед хийгдэж буй ажлууд юу байна?

-Ажлын хэсэг Улаанбаатарын өнөөдрийн зам дээр судалгаа хийж дүгнэлт гаргасан. Энэ ажил дээрээ үндэслээд зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд зөвхөн баруун чиглэлийн эргэлтүүдийг бий болгох гэж байна. Тээврийн хэрэгсэл явж буй зүгээсээ үл шалтгаалан баруун л эргэнэ. Дээрээс нь хороолол дундах төв замуудаа нэг чиглэлийн болгоно. Энэ бол 500 мянгаас дээш автомашинтай хотуудад өргөнөөр ашиглагддаг дүрэм юм.  Цаашдаа 40, 50 мянгат, 13 хороолол, Бага тойрог дотор нэг чигийн урсгалуудыг бий болгоно. Иргэд маань тэвчээртэй хүлээцтэй хандаад шинэ чиглэл замуудаа сайн мэдээд авчих хэрэгтэй. Бидний зүгээс гарын авлага болон шинэ чиглэлд дүрэм хөдөлгөөний талаар мэдээлэл сайн өгнө.

-Хэзээнээс эхлэх бол. Үр дүнг нь хэрхэн тооцоолсон бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажил болгоно. Судалгаандаа үндэслэн төвийн хөдөлгөөний 20-30 хувиар хурдасгаж чадна гэж үзсэн. Улаанбаатар хотын замыг тэлж шинэ урсгал гаргах боломж нь бага нөхцөл байдалдаа тохируулан менежмент хийж олон улсад  туршаад батлагдсан дүрмүүдийг нэвтрүүлэх хэрэгжүүлэх боломж нь байгаа юм. Яваандаа бид Замын цагдаагийн уулзвар, Яармагийн гүүр, Зүүн дөрвөн зам дээр гүүр барихаар төлөвлөөд хөрөнгө мөнгө бусад асуудал нь яриа хэлэлцээрийн шатанд явж байна.

-Эсэргүүцэлтэй тулгарах болов уу?

-Э.Бат-Үүл даргын үед нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглоод зөвхөн нийтийн тээврээ явуулсан. Иргэд шүүмжилж байсан ч өнөөдөр хэвшиж хотын дүрэмд ороод хүлээн зөвшөөрөгдчихлөө. Үүнтэй адилхан шинэ шийдлүүдийг бид зоригтойгоор хийж турших ёстой. Монгол хүн, монгол ахуй, Улаанбаатарын нөхцөл байдалд таарахгүй гээд байвал юу ч таарахгүй. Бид нар ажил хийгээд ч хэрэггүй. Бид шийдэж хийхийн тулд л энд байна. Манай улсад жилд 20-30 мянган автомашин импортоор орж ирдэг. Тэгэхээр бид замын асуудлаа тухайн үед нь ямар нэг аргаар шийдээд зохицуулалт хийж ажиллах ёстой.

-Гүүрэн гарцууд хэдийнээс баригдаж эхлэх бол?

-Энэ жилдээ зураг төслийн ажил нь хийгдээд явж байна. Гүүр гэдэг өөрөө маш том обьект.  Яг барих гэхээр уулзварын дөрвөн талын газрыг чөлөөлөх гэж том ажил байдаг юм байна. Яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Одоо бол асуудлууд зэрэг зэрэг өрнөөд явж байна. Яармагийн түр гүүр цаашид олон мянган машины ачааллыг даахгүйд хүрсэн. Зураг төсөв нь батлагдсан учраас ажил ингээд эхэлнэ. Дараа нь зүүн дөрвөн зам, цаашлаад Замын цагдаагийн уулзвар гээд явна даа.

-Өмнөх багийн үед газар чөлөөлөх асуудал бүтээн байгуулалтыг гацааж байсан. Энэ асуудал дээр ямар менежмент хийх ёстой вэ?

-Энэ асуултад хувийн бодолоо л хэлье. Нийслэлийн өмнөх баг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн ч судалгаагүй, хөрөнгө оруулалтыг нь шийдээгүй ажил эхэлсэн байсан. Үүний хор уршиг, үр дагавар нь их байна. 300-400 айл хохирсон байгаа. Сая Нийслэлийн засаг дарга  50-60 айлыг нь байранд  орууллаа. Үүнийг би бодлогын алдаа гэж хардаг. 2012 оны сонгуулиар АН-ынхан танай энэ газарт ийм барилга, хотхон, хот барина гээд баахан амлалт өгчихсөн. Дээрээс нь та нар газараа хямд зарж болохгүй шүү, 100-150 сая төгрөгний үнэ хүрнэ шүү  баахан хашгирсан. Бат-Үүл дарга өөрөө хүртэл тэгж ярьсан. Юуг судалж юуг үндэслэж тэр үнэлгээг гаргаж ирсэн юм бүү мэд. Энэ мэтчилэн анхнаасаа хариуцлагагүй бүтэлгүй ажил болж нийслэл, хувийн хэвшил, иргэдийн дунд үл ойлголцол үүссэн. Аливаа том төсөл судалгаа, үнэлгээ, үнэлэмж, дээрээс талууд хоорондоо асуудлаа ярилцаж шийдлээ гаргаж явах ёстой л доо.

-Газараа чөлөөлж өгсөн иргэдийн зарим нь хоёр жил хамаатан саднуудаараа амьдарч явна гэж байсан. Эдгээр иргэдийн асуудал яах юмбол ?

-Эхнээс нь шийдээд л явж байна. Дахин төлөвлөлтийн газрууд үнэхээр оновчтой байв уу, байршилууд дээр цаашид хөрөнгө мөнгөтэй ямар компаниуд орох уу, төр хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллахаар байна гээд судалж, үнэлж, ярилцаж байна. Ганц нэг компаниуд гайгүй  хийгээд явсан. Хийгээгүй нэгэнтэй нь хариуцлага тооцож гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирж ажиллах төлөвлөгөө гаргасан. Энэ газрууд барилгажих л ёстой. Барилгажаад л явна. Хөрөнгө оруулалт цаг хугацааны асуудал л байгаа.

- Та НИТХ-ын Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хороон дарга. Энэ хүрээнд ямар ажил, ямар асуудал өрнөж байна?

-Нийслэлийн хөрөнгө оруулалт гэхээр БНХАУ, Солонгос, Япон, Орос гэсэн улсууд л бий.  Энэ улсуудтайгаа хамтын төсөл хэрэгжүүлэн хөрөнгө оруулах боломж  байгаа. Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт дээр ганцхан Монгол компани биш гадны компаниуд ч гэсэн ашигтай ажиллах ёстой. Тэгж байж мөнгө босгож ирнэ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 60-70 мянган орон сууц эргэлтэд орж чадахгүй зогсонги болчихсон байна. Зарж, худалдан авч бас менежмент хийж чадахгүй. Энэ их хөрөнгө үхмэл болж эргэлтэд оруулж чадахгүй байна гэдэг чинь менежментийн асуудал шүү дээ. Хонконг, Сингапурын барилгын компаниуд улс орондоо хийдгээ хийгээд одоо олон улсад хөрөнгө оруулдаг том тоглогч нар болчихсон байна. Бид нар энэ бэлэн мөнгөтэй том тоглогч нарыг оруулж ирж болно.  Нийслэлд хөрөнгө оруулалтыг дангаараа шийдээд хөрөнгийг батлан даагчаар аваад явах эрхзүйн орчин байхгүй. Үүнийг засгийн газар, сангийн яамны хэмжээнд шийддэг.

-Нийслэл шийддэг болох боломжийг хэрхэн харж байна вэ? .

-Энэ асуудлыг бид яриагүй биш ярьсан. Боломжууд юу байгааг судалсан.  Одоо бид нар үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Орон нутаг засаг захиргаа түүний нэгжийн тухай хууль дээр нийслэлийн статусыг тусад нь авах ёстой. НИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох хэрэгтэй. Ингэж байж бид дорвитой шийдвэр гаргаж чадна. Өнөөдөр нийслэлд хүн амын 50 гаруй хувь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 70 орчим хувь байна. Энэ том айлын асуудлыг шийддэг байхын тулд нийслэл байнгын параламенттай байх ёстой. Өнөөдөр нийслэл дангаараа татвараа хураагаад ААН, хүн амын орлогын албан татвараар амьдраад л явж байна. Цаашдаа нийслэлийн төсөв 700 тэрбум төгрөгт баригдах ёсгүй. Нийслэлээ хөгжүүлье, хөгжлийн бодлогоо явуулья гэж л байгаа бол нийслэлийн төсвийг 4-5 жил хийгдэх ажлын хэмжээнд баталдаг байх ёстой. Ингэж байж нийслэл хот  хөгжинө.

-Статус эрх мэдлээс гадна засаг солигдохоор төсөл хөтөлбөрүүд зогсдог, эзэнгүйддэг. Энэ байдлыг яаж засах ёстой вэ?

-Өнөөдөр НИТХ энэ ажлуудыг зогсооё гэсэн хатуу байр суурь бариагүй. Энэ бүхний цаана иргэд байгааг бид ухамсарлаж байгаа. За яахав үнэхээр онц шаардлагагүй хэрнээ маш өндөр өртөгтэй хэдэн зуун тэрбумаар яригдах ганц нэг гэрээг бол зогсоосон. Жишээ нь, нийслэлийн ордон барих 200 тэрбумын гэрээ сонгуулийн маргааш хийгдсэн байсан. Үүнийг бол зогсоохоос өөр арга байгаагүй. Өнөөдөр нийслэл заавал ордонд сууж ажиллах шаардлагатай юу. Бид Хангарьд ордондоо хуралдаад бусад цагаар дүүрэг хороон дээрээ ажиллаад иргэдийнхээ санал гомдлыг аваад явах боломж байна. Цаг үе биднээс ингэж ажиллахыг шаардаж байна.

-Таны тойрог...?

-БЗД-ийн 13 хорооллын хэсэг. Тойрог дээр барилгуудын дулаалга, дээвэр, тохижилт, зам,  ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэг, дунд сургууль, өрхийн эмнэлэг гээд асуудлууд бол байна.  Өмнөх жилүүдээс овоороод ирсэн асуудал  ч бий. Энэ жил төсөв мөнгө бага, улсаараа эдийн засгийн хямралтай байгаа ч тойрогтоо нэг цэцэрлэг, нэг сургуулийг өргөтгөл, нэг хуучин сургуулийг буулгаж барих, зам засвар ногоон байгууламж гээд ажлуудыг төлөвлөөд 2017 оны төсөвт мөнгийг нь суулган 2018-2019 онд барьж дуусгахаар төлөвлөлөө.  Эдийн засаг байнга ийм байхгүй. Засгийн газрын  хэмжээнд гадаад дотоодын зээл хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байна. Дараа жил гэхэд эдийн засгийн сайжирна гэсэн дүр зураг харагддаг. Тэр утгаараа бид нийслэлд хийх ёстой, төлөвлөсөн бүхнээ эмх замбараатай, дэс дараалалтай, тооцоо судалгаатай хийх болно.

-Хууль эрх зүй төрийн байгуулалтын хорооны гишүүн. Дуулгах сонин, мэдээлэл юу байна?

-Нийслэл хот маань эдийн засгийн хувьд хараат бус байх нь зөв гэдгийг дээр хэлсэн. Эрхзүйн орчин шинэчлэлийн хүрээнд хотын дүрэмтэй болохоор ажлын хэсэг хууль өргөн барьсан.  Хотод маань өнөөдөр эмх замбараагүй байдал хаа сайгүй л байна. Хот хуультай байх ёстой. Тэгж байж иргэд биелүүлнэ, дүрэм бол хуулийн дор явдаг. Энэ хууль гараад ирэхээр хотын дүрмээр амьдрах боломж бүрэн нээгдэнэ гэж харсан. Бид нар 1990 оноос хойш ардчилсан нийгэм байгуулна гээд яриад байна. Яг үнэндээ ардчилал гэдэг чинь хуулийн дагуу амьдрах асуудал юм. Өөрсдөө төлөөллөөрөө дамжуулж гаргасан хуулиа биелүүлж амьдрах чинь ардчилал.  Ардчилалыг бид нар эрх чөлөөтэй андуураад байдаг. Монголдоо л яасан ч яадгийн гэдэг.  Бид гадаадад очоод ногоон гэрлээр нь л гардаг. Гудамжинд нь шээж чаддаггүй л биз дээ. Ингэж хотын соёлыг хэвшүүлж чадсан байна. Тэгэхийн тулд хариуцлагын тухай хууль л хэрэгтэй. Ойрын хугацаанд бий болгоно гэж найдаж байгаа. Ер нь аливаа хөгжлийг дандаа мөнгө төгрөгтэй холбон тайлбарлаж болохгүй. Би соёлын довтолгооныг хоёрдугаар хувьсгалыг хийх цаг болсон гэж боддог. Манай өвөө эмээ нарын үед соёлын довтолгоо хийгээд төлөвшил хүмүүжлээ олж авцгаасан. Одоо тийм бодлого алга байна. Хүмүүжил, зөв хандлага, зөв төлөвшлийг бий болгохгүй бол яг үнэндээ мөнгө байгаад  ч хэрэггүй дээ.

-Сонгогчийн боловсрол гэж байнга ярьдаг. Үнэндээ бол хэвээрээ л байна. Энэ тал дээр таны бодол?

- Аливаа нийгмийн түвшинг нь гаргахад дундаж анги нь том рольтой байдаг. Баруун европийн улсуудад нийгмийн дундаж давхаргын хүмүүс нь 65-70 хувьтай байна. Монголд бол бараг 30-аас доош хувьтай. Судалгааны байгууллагууд 20-40 хувьтай гаргадаг. Дундаж давхарга гэдэг байнгын ажилтай, тогтмол орлоготой, төрийн бүх үйлчилгээгээ асуудалгүй авч чаддаг дунд буюу дээд боловсролтой иргэдийг хэлнэ. Нэг ёсондоо амьдралын ямар нэгэн зовлон шаналалгүй тайван амьдарч  буй хүмүүс. Харамсалтай нь манай улсын хэмжээнд энэ боломж сул байна. Тархиараа биш ходоодоороо сонгууль өгөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна шүү дээ.  Бид хүнтэйгээ, тэднийхээ  боловсрол, хүмүүжил дээр ажиллах хэрэгтэй.

-Та БНУУ-ын “Хөлөг баатар” одонгоор шагнуулсан. Нэр хүндтэй том шагнал юм билээ. Энэ талаар яриач?

-БНУУ-ын өргөмжит консулаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. 2005 онд Унгар улс ЭСЯ-аа татан буулгаад түүнээс хойш тус улсыг төлөөлж Монгол улсад ажилласан. Унгар улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлнэ гэсэн зорилготой хэдэн жил ажиллалаа. Ажил маань амжилттай, үр дүнтэй болж 2015 онд ЭСЯ-аа эргээд нээлээ. Тэр үед Унгар улсын төрийн “Хөлөг баатар” одонгоор  шагнах тухай анх сонсоход их сонин сайхан санагдсан. Энэ одон нь Унгарын ерөнхийлөгчөөс гардуулж өгдөг төрийн одон юм билээ.



-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: news.amjilt.com
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-25 14:24:11
    хотын газрыг замбараагуй олгох эхлэлийг намын дарга ухэр нудэн энхболд чинь тавьсан шуу дээ батуулийг хуу чулуудайтай нь хамт шууд буудчихаач дээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-05-25 11:03:53
    Энэ чинь харин овоо дажгүй хүү байна уу даа?!! Засаг дарга Батболдоос л лав хамаагүй илүү юм байна!!!
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах