Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүрэгтэйгээ дүйхүйц эрдэм мэдлэгтэй байх ёстой

Дэлгүүрийн худалдагчаас хүртэл дээд боловсрол нэхдэг ажил олгогч олон бий. Өмч хөрөнгөө даатгаж байгаагийнх сургууль соёлд сурсан эсэхийг нь лавлаж баталгаажуулах нь зүй ёсных. Бусадтай харилцах хийгээд тооцоо мөнгөндөө яс хариуцлагатай хандана гэдэг үүднээс номын дуу сонссоныг нь шилж ажилд авах нь мэдээж. Үнэхээр сонин дээрх ажлын байрны заруудыг гүйлгээд харвал мөн л мэргэжил, боловсролыг хамгийн эн тэргүүний шалгуур болгодог нь илт. Ямар ч ажилд хүн авсан боловсрол мэдлэг, эрдэм, ур чадвар, төгссөн сургууль, мэргэжлийг нь асууж лавладаг нь тэртээгээс өнөө хүртэл явж ирсэн дэг жаяг, хууль журам, уламжлал. Бид төрийн түшээдээ сонгохдоо мөн адил ямар мэргэжил, боловсролтойг нь юун түрүүнд шинжиж сонждог. Хаана ямар боловсрол эзэмшсэн, ямар туршлага хуримтлуулсан, хаана ажиллаж байсан гэх мэт шүүлтүүрт оруулж байж сонголтоо хийдэг.

Тэгэхээр боловсролын тухай яриа хөөрөө Ерөнхийлөгчийн сонгуулиар эрчээ аваад ч байгаа юм биш. Боловсрол бол ямар ч цаг үед хувь хүнийг тодорхойлох гол шалгуур байсаар ирсэн. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай холбоотойгоор нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгийн талаар сонгогч болгон дор бүрдээ шүүн тунгааж байна. Санал бодлоо ил тод илэрхийлж, байр сууриа ч олон нийттэй хуваалцаж байна. Мэдээж бичиг, үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд боловсрол нэн тэргүүнд тавигдах асуудал мөнөөсөө мөн. Хүн бүр дээд боловсролтой болж, докторын зэрэг хамгаалах албагүй. Гэхдээ сонгогч олон монгол төрийн тэргүүнээ ямар боловсролтой байх ёстой вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгааг санууштай. Тиймдээ ч санал бодлоо уралдуулж, боловсролтой хүнээ сонгохыг уриалж байгаа юм.

Эрдэм боловсролтой зөв хүнд эрх мэдлийг нь өгвөл улс орон хөгждөгийг хөгжлийн хувьд үсрэлт хийсэн орнуудын жишээ бэлээхэн харуулж байна. Жишээлбэл, Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Ю загасчны тосгоныг дэлхийн зургаа дахь чинээлэг орон болтол нь хөгжүүлж өөд нь татсан.  Сүүлийн жилүүдэд залуус маань мөнгө олох гэж хилийн чанадыг зорихоос илүүтэй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших гэж олноороо явдаг, тэнцдэг болж байгаа нь хамгийн сайн зүйл. Одоо дэлхийд үнэлэгдэхүйц боловсролтой залуусаа тэтгэх орон зайг бий болгож, эх орондоо ирж ажиллан оюуны хөрөнгө оруулалт хийлгэхэд нь төрийн бодлогоор дэмжих нь маш чухал байна. Шинэчлэл, шинэ уур амьсгал, шинэлэг эрдэм мэдлэг өвөртөлж ирж буй залуусыг төрд ажиллах сонирхол, хөшүүрэг, итгэлцлийг бий болгох ёстой. Тэд улс орны өнөөдөр, маргаашийг харж, хөтлөх хүмүүс. Тэдний уураг тархинд эх орноо хөгжилд хөтлөх эрдэм мэдлэг бий.

Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын түвшинд ач холбогдол өгөхөөс аргагүй. Үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм төлөвшиж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил юм. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, цоо шинэ ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлгүүрийн лангууны ард зогсож өдрийг өнгөрөөхийн оронд онлайн худалдаа хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэж эхэллээ. Нийгэм, цаг үе аяндаа өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлагатайгаа уялдаад ажиллах хүчний шинэ орон зай ч бий болж байна.

Аливаа улсын Ерөнхийлөгч эх орноо төлөөлдөг, улс орныхоо нэрийн хуудас болдог. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн бол Үндсэн хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээдэг, хэнтэй ч хуваалцдаггүй эрх үүргүүдийг хэрэгжүүлдэг онцгой нөлөөтэй албан тушаалтан. Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн эрх үүрэгтэйгээ дүйхүйц мэдлэг чадвартай, эрдэм боловсролтой, хариуцлага хүлээх чадвартай хүн энэ албыг хаших ёстой гэдэг үүднээс сонгогчид хандан үзэл бодлоо илэрхийлж байгааг дэмжиж байна. Нөгөө талаар эрхлэх ажлын төвшин, шийдэх ажлын цар боловсролын шаардлагыг тодорхойлдог. Мэдээж сувилагч мэс засал хийж чадахгүй, цагдаа шүүгч хийж чадахгүй, дамжаа төгссөн хүн нарийн мэргэжлийн хичээл зааж амжихгүй. Даяаршсан нийгэмд хүн бүр мэдлэг, мэдээлэлд суурилсан харилцаа үүсгэх, хэлэлцэх боломж, нөхцөл нээлттэй бий болсон. Энэ үед бид хэнээс ч эмээлгүй байр сууриа итгэлтэй илэрхийлэх, байр сууриндаа бат зогсох чадвартай манлайлагч төрийн тэргүүнтэй байх нь чухал. Яг үүн шиг Ерөнхийлөгчид төрийн албанд анхан шатнаас нь эхлэн ажиллаж, төрийн албанд тавьдаг босго шалгуурын дагуу өгсөж дэвшсэн, төр түшилцэж явсан хүн л тохирно. Тэгэхээр боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч ийм хүмүүсээ дэмжих нь зүйтэй.

А.Уян

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.