Э.Авирмэд: Манай хамгийн урт агуйг хятадууд сүйтгээд байна

Монголд одоогоор 300 гаруй агуй бүртгэгдээд байна. Байгалийн өвөрмөц тогтоцын мөн чанар, ач холбогдлын талаар Монголын агуйн судлалын холбооны Ерөнхийлөгч Э.Авирмэдтэй ярилцлаа.

-Агуйн талаар зарим хүн өнгөцхөн мэдлэгтэй байж магадгүй. Тиймээс та шинжлэх ухаан талаас нь энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Газрын доорх хөн­дий орон зайг хэлдэг. Тэнд газар дээрх шиг бай­галийн сайхан цогцолсон байх нь ч бий. Орчин үед энэхүү байгалийн тогтоц нь шинжлэх ухаан болон аялал жуучлалын том салбар болон хөгжиж байна.

Ялангуяа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аялал жуулчлалынхаа орлогын 10 гаруй хувийг энэ байгалийн өвөрмөц тогтоцоос олдог юм би­лээ. Манай оронд ч дэлхийд алдартай агуй олон бий.

-Одоогоор манайх 300 гаруй агуйтай.  Манай агуйнууд юугаараа онцлог алдартай юм бэ?

-Хойт цэнхэрийн агуй, Баянхонгорын Цагаан агуй, Чихэн агуй, Саальтын агуй зэрэг нь дэлхийд алдартай болсон. Энэ нь археологи, түүхэн олдворуудаараа олон нийтийг шуугиулсан байдаг. Цагаан агуйг орос,америк, монгол эрдэмтдийн баг хамтран судлаад 850 жилийн өмнө хүн амьдарч байсан гэдгийг тогтоосон. Олон чулуун зэвсэг, эртний хүмүүсийн хэрэглэж бай­сан эд хэрэглэл гар­сан. Үүгээрээ дэлхийд алдаршсан. Мөн Сүх­баатар аймгийн Шилийн Богдоос хойш 10 гаруйхан км-т Талын агуй гэж бий. Тал газар байдгаараа Монголдоо ганцхан. Тэнд олон жуулчин оч­дог. Энэ мэтчилэн хүмүүст танигдсан агуй цөөнгүй.

-Олон улсад агуйн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Бидэнд ийм боломж бий юу?

-Одоогоор энэ чиг­лэлийн төрийн бод­лого байхгүй байна. Аялал жуулчлалын компаниудын төвшинд явж байна. Олон жил судалж үзлээ. Агуйн аялал жуулчлал хөгжих боломж уг нь манай улсад бий.  Олон хүн очиж үзээд байгаа бусад орны  агуйнуудад байдаг бүх л зүйл энд байна.  Тэгэхээр энэ салбарт бодлого, ме­нежмент хэрэгтэй болов уу.

-Агуйг судлах ажил манай оронд 1980-аад оноос эхэлсэн гэдэг юм билээ. Таны хувьд одоогоор ямар агуйг судалж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Талын агуйг судаллаа. 240 метр урттайг нь тогтоогоод байна. Цааш явах гэхээр мөсөн бүрхүүл үүсээд таглачихаад байдаг. Тал дээр байдаг учраас хаврын шар усны үер болон борооны ус ороод тэнд тогтсоор ийм байдал үүслээ. Тэгээд агуй дотор мөнхийн   хасах 6 хэм байдаг учраас өвөл хөлдсөн хэсэг нь зун гэснэ гэж үгүй.  Энэ байдал үргэлжилбэл 2017 он гэхэд хаагдана гэсэн судалгаа гарсан. 

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Хамгийн гол нь гад­наас ус оруулахгүй байх юм.  ССАЖЯ, БОНХЯ,  Сүхбаатар айм­гийн Засаг даргын Там­гын газар  нийлж Талын агуйгаа хамгаалж авч үлдэх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд ус зайлуулах далан шуудууг барьлаа. Мөн салхины дээд талд нь мод тарьсан. Тал дээр байдаг учраас машинтай хүмүүс харахгүй дээгүүр нь гараад байдаг юм. Тэр хавьд нь тэмдэг тэм­дэглэгээ хийлээ. Энэ мэтчилэн тохижуулалтын ажил хийсэн. 

-Агуй судлал нь мэдээж  Шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Манай улсад судалгааны төвшин ямар шатандаа явна вэ?

- Монголын газар нутаг далай Тэнгисийн уснаас эрт чөлөөлөгдсөн байдаг учраас нэлээд эртний агуйнуудтай. Олд­ворууд нь байх магадлал өндөртэй. 1980 оноос бид агуйгаа  судалж ирлээ.  Агуйг эртний хүмүүс оромжноос гадна оршуулгын газар эмнэлэг хэлбэрээр ашиглаж байсан гэдгийг тогтоосон.  Бид Охbord-ийн их сургуультай хамтран Мон­голын говийн агуйг өнгөрсөн таван жилд судалсан. Хурдас чулуулаг нь жил ирэх бүр хуурайшиж, агшсаар байгааг тогтоосон. 

-Эмнэлэг хэлбэрээр ашиглаж байсан гэдэг нь их сонирхолтой юм.  Тэр агуй одоо хаана байдаг юм бэ?

-Өмнөговь аймагт бий. Маш том агуй. Тэнд агуйн эмнэлэг бай­гуулж шавар, усаар хүн эмчилдэг байсан. Одоо ч суурь нь бий. Мөн нутгийн иргэд шавар усыг нь эмчилгээний журмаар хэрэглэдэг хэвээрээ юм билээ.  Агуйн шавар ус нь эрдэс бодисоор баялаг учраас  хүний даралт, хо­доод, хөхний  янз бүрийн өвчинд маш сайн гэдэг. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан.

-Таны дараагийн судлах агуй  ямар агуй вэ. Ер нь өөрсдөө явж судалдаг уу. Хүмүүсийн хүсэлтээр явдаг уу?

-Ерөнхийдөө олон улсын агуй судлаачидтай хамтран Монголынхоо агуйг судалдаг. Яг өөрсдөө ороод ажиллая гэхээр Төр засгийн дэмжлэг байхгүй болохоор тоног төхөөрөмжийн асуудал хүнд. Тэгээд агуй судлана гэдэг хэн дуртай нь гүйгээд ордог амархан ажил биш. Ялангуяа Монголын агуйнууд их том, гүнзгий. Хэнтий аймгийн Дадал суманд байдаг  Сөөгтийн агуй гэхэд эгц доошоо 70 метр шүү дээ.  Тэрэнтэй дүйх олон агуй бий. Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуй гэж доошоо бараг км гаруй урттай агуй байсан.  Тэгэхээр агуй судлаач хүнд хамгаалалт маш чухал.

-Цагаан дэлийн агуй яасан юм бэ. Та байсан гээд өнгөрсөн тоон дээр ярьчих юм?

-Хятадууд сүйтгээд дууссан байна лээ. Цагаан дэлийн агуйн ойролцоо хятадуудад хайгуулын лиценз олгоод агуйг нь дэлбэлсэн байсан. Уг нь одоогоор Монголын хамгийн урт агуй болоод байгаа юм. Агуйн дотор жонш болон олон сайхан тогтоцтой байсан. Нуур хүртэл байсан. Тийм агуй ховор шүү дээ.      Харамсалтай л юм. 

-Та бүхэн тэр агуйг хэзээ судалсан юм бэ. Хамгаалж чадаагүй юу?

-Бид олон улсын агуй судлаачидтай хамтраад очиж судлах гэхэд аль хэдийнэ лиценз олгосон байсан.  Хашаад хядадууд хамгаалалтдаа авсан байсан. Тэгээд бидний оруулахгүй гээд... Мон­голынхоо газар нутаг дээр харийнхны эрхшээлд байна гэдэг хэцүү юм билээ. Гэхдээ ямар ч гэсэн зөвшөөрөл авч багахан хугацаанд ч гэсэн судалж чадсан. Их ховор агуй байсан.


Т.БАТСАЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.