Г.Мөнхсүлд: “Спиннинг давалгаа” фестиваль өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болно
Манай улсад  эргэлтэт дугуйн спорт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтертайнмент чиглэлийн спорт юм.  Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд  ажиллуулж 800-1200 килкалор шатаадаг. Тус спортыг  Монголд төдийгүй Азид хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа хүн бол "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд юм. "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг” клуб ирэх сарын 3-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “Спиннинг давалгаа” Үндэсний фестивалийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны талаар "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлдтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Монголын эргэлтэт дугуйн холбооноос Улаанбаатар томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Ирэх зургадугаар сарын 3-нд Монголын эргэлтэт дугуйн холбоо,  “Сүлд” спиннинг клубээс  “Спиннинг давалгаа” Үндэсний фестивалийг зохион байгуулахаар болсон. Бэлтгэл ажилдаа орчхоод байна.  Энэхүү фестиваль нь эрүүл амьдрал, зөв хэвшлийг сурталчлах зорилготой.  Спиннингийн спорт эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, энтэртайнмент, шоу тал руугаа  хэрхэн, яаж хөгжиж байна вэ, гэдгийг харуулах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулна. Фестиваль ирэх сарын 3-ны 19.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод  үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй спиннинг клубууд байдаг. Одоогийн байдлаар фестивальд 20 гаруй спиннинг клубууд оролцохоо мэдэгдсэн. Эдгээр спиннингүүд маань өөрсдийн дугуйгаа авчирч, өөр өөрийн гэсэн давуу тал онцлогийг харуулсан богино хэмжээний үзүүлбэрүүдийг бэлдэж байна. Энэ үйл ажиллагаа бол "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-ны зүгээс хийх ёстой ажил үүргийн нэг. Эргэлтэт дугуйн холбооноос санхүүжилтийг гаргаад бусад спиннинг клубуудаа уриалж энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байна. Бид хамтдаа энэ спортыг хөгжүүлэх юм бол маш богино хугацаанд Азидаа цаашдаа дэлхийн тавцанд гарах бүрэн боломжтой гэдэг үүднээс арга хэмжээг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар 40 хоногийн ард гарсан байна. Хамгийн дээд тал нь 20 кг жин хассан. Энэ бол эрүүлээр маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийн үр дүн.  Хамгийн бага нь 10  кг-ыг хассан байна.

-Фестивалийн бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?

-Фестивальд зориулж 16 метр урт тайз засаж байгаа. 300 дугуй байрлуулна. Хамгийн сүүлийн үеийн гэрэл техник, хөгжим хэрэгслүүд ашиглан фестивалиа зохион байгуулахаар бэлдэж байна. Спиннингийг урлаг талаас хэрхэн хөгжүүлж байгаа талаарх маш гоё үзүүлбэрүүдийг бэлтгэсэн. Тайзны болон болон тэнгэрийн салютыг буудуулна. Мөн улаан хивсний ёслол зохион байгуулна.



-Улаан хивсэн дээр алхах зочид хэн байх вэ?

-“Сүлд” спиннинг клубээс “Би жингээ хасмаар байна” уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд 27 эмэгтэй 2 эрэгтэй оролцогч 50 хоногийн хугацаанд өрсөлдсөн.  Энэ хугацаанд эдгээр оролцогчийн хамгийн их жин хаясан ялагч гурван сая төгрөгөөр шагнуулна. Хоёрдугаар байранд нэг сая 500 мянган төгрөг, гуравдугаар байранд орсон оролцогч том зориулалтын спиннингийн дугуйгаар шагнуулна. Гэхдээ мөнгө, шагналаас илүү эдгээр оролцогчид маань асар их тэвчээр гаргаж, гайхалтай спортоор өөрийгөө 50 хоногийн дотор бүрэн өөрчилж болдог  гэдгийг харуулна. Одоогийн байдлаар 40 хоногийн ард гарсан байна. Хамгийн дээд тал нь 20 кг жин хассан. Энэ бол эрүүлээр маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийн үр дүн.  Хамгийн бага нь 10  кг-ыг хассан байна. Фестивалийн өдөр эдгээр мундаг оролцогч нараа лимүзингээр улаан хивсний ёслолдоо урьж ирүүлнэ. Тэд бол энэ өдрийг эзэд болж гялалзах учиртай. Тиймээс оролцогчдоо маш хүндэтгэлтэйгээр тайзнаа урина. Энэ хүмүүс маань өөрсдийнхөө хувьд маш том хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс шүү дээ.

-Спиннингийн спортоор хичээллэхийн давуу та нь юу вэ?

-Монгол хүний насжилт уртасч байна. 40 настай хүн хөгшин харагдахаа больсон шүү дээ. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч эхэлж байна. Зөвхөн спиннинг гэлтгүй эрүүл мэндийнхээ төлөө байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг чухалчилдаг болсон байна. Гэхдээ таргалалт буурахгүй байна. Монгол Улсын хүн амын 60 хувь нь таргалалттай байна гэсэн баримт гарсан байдаг.  Ихэвчлэн 8-15 насны хүүхдүүд, 25-45 насныхны таргалалтын төвшин өндөр. Таргалалтыг эрүүл мэндийн шалтгаанаас, удамшил, төрсний дараах, ажил мэргэжлийн онцлог гэж дөрөв ангилдаг. Хүмүүс илүүдэл жин, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийн тул спиннингийн спортыг сонгодог. Спиннинг бол богино хугацаанд аяны хэмнэлээр хүнийг уйдахааргүй эрч хүчтэйгээр биеийн булчингуудыг зэрэг ажиллуулах спорт. Маш их цаг завыг хэмнэдэг. Массаараа нэгэн зэрэг хийдэг гайхалтай спортын нэг. Энэ утгаараа сүүлийн үед манай бүсгүйчүүд, залуучууд спиннингийн спортоор хичээллэхийг зорьдог болсон байна. Энэ спорт дэлхийд хөгжөөд 20 гаруй жил болж байгаа. Харин манайд шинэ тутам буюу хоёр жил болж байгаа. Миний бие бол энэ спортыг анхлан хөгжүүлж яваа  анхдагчдагийн нэг.


 
Спиннинг бол богино хугацаанд аяны хэмнэлээр хүнийг уйдахааргүй эрч хүчтэйгээр биеийн булчингуудыг зэрэг ажиллуулах спорт. Маш их цаг завыг хэмнэдэг.

-Спиннингийн спорт хурдацтай хөгжиж байгаагийн нэг шалтгаан нь богино хугацаанд үр дүн гардагт байдаг байх. Богино хугацааны үр дүн багшийн оролцоо их байх тийм үү?  

-Тухайн үйлчлүүлэгч ямар ч клубд мөнгөө төлөөд  цаг заваа зориулаад ирж байгаа. Ийм учраас бид хүндэтгэлтэй хандаж, үр дүн гаргах үүрэгтэй.  Ямар ч хүн “Сүлд” спиннинд ирээд хичээллээд гарахад  “дэмий зүйлд мөнгөө үрээгүй юм байна” гэх сэтгэл ханамжийн баталгааг өгч чаддаг байх ёстой. Үгүй ядаж сэтгэл зүйн бэлтгэлийг маш сайн өгдөг байх ёстой. Тухайн хүний онцлог, нас, жинд тохирсон зөвлөгөөг өгдөг байх ёстой. Хоолны зөвлөгөөг бол байнга өгч байх ёстой. Байнгын хэмжилт хийх ёстой гэх мэт бүх талаас нь анхаарч байх ёстой.  Ингэж байж багш дасгалжуулагчийн хийж байгаа ажлын үр дүн гарна шүү дээ. Энэ утгаараа “Илүүдэл жин” асуудал биш гэдгийг манайхыг зорьж ирсэн хүн бүрт ойлгуулж, үр дүн гаргахыг хичээдэг. Мөн манайд клуб боксын мэргэжлийн дасгалжуулагч багштай. Мөн давхар спа үйлчилгээтэй, 14 хоногтоо нэг удаа сауны бэлтгэл хийлгэдэг. Аливаа зүйл шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. Тухайн хүний биеийнх нь онцлогт тааруулж зөвлөгөө, заавраа өгнө. Багш хүн бол мэдрэмжтэй байх ёстой.

-Сауны бэлтгэлийнхээ тухай тодруулахгүй  юу?

-Сауны бэлтгэл гэхээр өдөр бүр саунд очоод хэвтээд байх биш л дээ. Саунд ороод дасгал хийхгүй хөлсөө гаргаад байх юм бол биен дэх эрдэс бодисоо л алдана. Хөлсөөр биенд байсан ус гадагшлаад нэг юм уу 1,5 кг-ыг хасдаг. Гэхдээ маргааш нь энгийн хоолоо идэхээр буцаад нэмдэг.  Энэ бол цэвэр жин хасалт биш.  Зөв жингээ хасалт биш гэсэн үг. Тэгэхээр 14 хоногт юм уу эсвэл долоо хоногт нэг удаа 15 минутын зайтай сауны дасгал хөдөлгөөнийг хийж байх ёстой. Гэхдээ дундаж температуртай саунд.  40-50 грудастай саунд  бэлтгэл хийх ёстой. Огцом халуун биш. Нэг ёсондоо уурын саунд гэсэн үг. Сауны бэлтгэл хийх нь дотор өөхлөлтүүдийг шатаах, бодисын солилцоог эрчимжүүлэх, үений шингэн жигд тархах гээд олон давуу талуудтай. Гэхдээ багшийн заавар зөвлөгөөний дагуу сауны бэлтгэл хийж байх шаардлагатай.

- Энэхүү фестивалийг  сонирхон ирсэн хүмүүст ямар ашиг тустай вэ?

-Фестиваль маань урлаг спортын нэгдсэн арга хэмжээ болно. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд анх удаа зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд бүр өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх жил бид ОУ-ын фестивалийг зохион байгуулна. Энэ спорт бол өөрөө шинэ цагийнх. Тэгэхээр бидний үе миний бие энэ спортыг хөгжүүлж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах бүрэн боломж байна. Хоёр жилийн дотор маш хурдацтай хөгжсөн. Магадгүй 20 жилийн дараа энэ спортоор бид дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргах бүрэн боломжтой.
Уншигч таныг фестивальд бэлтгэлийн хувцастайгаа ирэхийг хүсч байна. Учир нь таныг  тэнд 300 дугуй хүлээж байгаа. Энэ 300 дугуй нь дээр та хичээллэж, мэргэжлийн багшаас зөвлөгөө авах боломжтой. Нэгдсэн хичээлүүд, үзүүлбэр явагдана. Оролцож байгаа бүх спиннинг клубүүдийн давуу талуудыг мэдэхээс гадна өөрт ойрхон спиннинг клубуудын мэдээллийг авах бүрэн боломжтой.  

-Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.