Хямрал оросуудыг хэрхэн өөрчилсөн бэ

-Оросууд илүү цалин, боломжтой ажил хайхаа больж, зардлаа ихээр танаж эхэлжээ-

Оросууд хямралын үеэр илүү идэвхгүй болж байгаа аж. Тэд илүү боломж өндөр ажил хайхаа больж, материаллаг байдлаа ч сайжруулахыг хичээхгүй байна. Харин зардлаа илүү их танаж байгаа талаар РАНХиГС нийгмийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид мэдээлж байна.

Орост түүнчлэн өрхийн аж ахуйн үе ч эргэн иржээ. Энэ тухай тус хүрээлэнгийн захирал Татьяна Малева мэдэгджээ. Ийм зүл 1990-ээд онд анх ажиглагдаж байв. Тэгвэл өдгөө цэцэрлэг, хүлэмжийн аж ахуй эрхлэх, ногоо тарих нь хүнсээ залгуулах, нэмэлт орлоготой болох гол эх сурвалж нь болж эхэлжээ.


ХЯМРАЛЫН ДАРАА ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХОД ХЭДЭН ЖИЛ ШААРДАГДДАГ


2016 онд оросуудын бодит мөнгөн орлого дунджаар 5.9 хувиар буурчээ. Гэтэл цалин 2015 онд 10 хувиар буурснаас хойш өнгөрсөн онд ердөө л 0.7 хувиар өссөн байна. “10 хувиар унана гэдэг Оросын эдийн засагт үнэхээр эмзэглүүштэй зүйл юм. Ялангуяа Оросын ажилчин ангид хамгийн их хамааралтай” хэмээн Малева мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд цалин яльгүй жаахан нэмэгдсэн ч энэ нь өнгөрсөн жилүүдийн хохирлыг нөхөж чадсангүй. Яг ийм удаан өсөлт цаашид удаан үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Ойрын жилүүдэд дундаж цалин жил бүр 1.5-2 хувиар өсөх төлөвтэй байна. Харин 2015 оны уналтыг нөхөхөд нэлээд хэдэн жил шаардлагатай. Малева 1990-ээд оноос хойших цалингийн үе шатны судалгааг хийхэд уналтын дараа нөхөн сэргэхэд 20-иод жил шаардагддаг нь тогтоогджээ.
 

ТЭТГЭВРИЙНХЭН ХЯМРАЛД ИЛҮҮ НЭРВЭГДЖЭЭ

 

2015 онд хүн амын орлого цалинг эрс бууруулснаас болж унасан бол 2016 онд тэтгэврийн бодит хэмжээ унаснаас болсон байна. Өнгөрсөн жил тэтгэврийн хэмжээ 3.4 хувиар буурсан. Үүний гол шалтгаан нь төрөөс тэтгэврийг бүрэн бус, хэсэгчлэн индексжүүлэх шийдвэр гаргасантай холбоотой.


ХЯМРАЛЫГ ИДЭВХГҮЙ ДАВЖ БАЙНА


Оросууд энэхүү хямралд тун идэвхгүй байдлаар хандаж байгаа гэнэ. Учир нь тэд материаллаг байдлаа сайжруулахыг эрмэлзэхгүй, хүндрэл дуусах үеийг хүлээн суусаар байна. “Дасан зохицох бүхий л загваруудаас нэг нь л давамгайлж байна. Энэ бол хүмүүс зардлаа танах гэсэн идэвхгүй арга юм” хэмээн Малева мэдэгджээ.

Хүмүүс байгаа байдлаа сайжруулахын тулд юу ч хийхгүй байна. Тухайлбал, оросууд боловсролдоо хөрөнгө оруулах, хөдөлмөрийн зах зээл дээр аятайхан газар туршиж үзэх сонирхолгүй болжээ. Анхандаа хүмүүс хямралыг дуусахыг тэсэн ядан хүлээж байсан бол өдгөө тэд эндээс гарах гарц харагдахгүй байна гэж үзэх болжээ.
 

НОГОО ТАРИХ НЬ НЭМЭГДЖЭЭ

 

Малевагийн хэлснээр оросууд 1990-ээд оны эхээр хувийн аж ахуйг идэвхтэй ашиглаж, зуны цагт ногоо, жимс ихээр тарьдаг байжээ. Тэгвэл энэ үзэгдэл дахин эрчимжиж, хүмүүс өрхийн хэрэглээгээ хангаад зогсохгүй орлогын нэмэлт эх үүсвэртэй болжээ. Шинжээчдийн хувьд ийм өөрчлөлтийг огт хүлээж байгаагүй гэнэ. Учир нь оросууд хэдхэн жилийн өмнө цэцэрлэгтээ ногоо тарихаас илүүтэй цэцгээр чимэх сонирхолтой байсан юм.


ХҮМҮҮС АЖЛАА АЛДАХААС АЙЖ БАЙНА

 

Хямралын үеэр хүмүүс ажлаа алдахаас маш их айж байгаа аж. Энэ талаар РАНХиГС-ийн шинжээчдийн өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан санал асуулга баталж байна. Санал асуулгад оролцогчдын 44.7 хувь нь ажлаа алдахаас айж байгаа бол цалин нь буурчих вий гэсэн айдас ч нэлээд хувийг эзэлж байна. Гэхдээ өнгөрсөн оны хоёрдугаар сард иргэдийн 51 хувь нь ажлаа алдахаас айж байсан бол энэ жил ийм төрлийн айдас тодорхой хэмжээгээр буурчээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2017-05-26 08:28:49
    manaih bur balarna yana daa
    103.57.92.24
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-26 05:22:16
    Крым, Сирийг идэхгүйгээс хойш, хэцүү л дээ
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-05-26 05:10:18
    Империйн үзэлтэй оросын ард түмэнг Крымээр л тэжээж байна. Хааяа бүтээсэн шинэ зэвсэгээрээ гайхуулаад
    103.212.118.87
    Мэдэгдсэн Хариулах