Пхеньян нисэх онгоц эсэргүүцэх систем туршлаа
БНАСАУ долоо хоног тутамд баллистик пуужингийн туршилт хийж, зэвсэглэлийнхээ технологийг сайжруулсаар байна. Тус улсын нөлөө бүхий албан тушаалтан “BBC” телевизэд өнгөрсөн сард ярилцлага өгөхдөө “Бид долоо хоног, сар, жил тутамд пуужингийн туршилт хийх болно. Хэрвээ АНУ цэргийн ажиллагаа явуулбал, дайн дэгдэнэ” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ дагуу сүүлийн гурван долоо хоногийн ням гараг бүр Пхеньян Япон тэнгисийн зүг пуужин харваж туршсаар байна.
 
Хамгийн сүүлийн  зэвсгийн  туршилтаа тэд өчигдөр хийв. Хойд Солонгосын “KCNA” агентлагийн мэдээлснээр, өчигдөр өглөө үүрээр шинэ загварын агаарын хөлгийг  устгах системийн туршилтыг хийж, амжилттай болсон хэмээн мэдээллээ. Мөн туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр удирдаж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Гэхдээ одоогоор яг хэдэн цагийн орчимд, хаана туршсан нь тодорхойгүй байгаа юм.  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсыг цөмийн зэвсэг болон баллистик пуужин туршиж буй нь бүс нутагт аюул учруулж байна хэмээн үзэж, хоёр ч цохилтын хүчээ илгээгээд байгаа. Тэгвэл нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед Пхеньян  агаарын хөлөг устгах системийг туршсан нь АНУ-ын хүчийг сөрөх зорилготой хэмээн судлаачид онцолж байна. 
 
“KCNA” агентлагийн мэдээлж буйгаар пуужингийн туршилт амжилттай болсны дараа Ким Жон Ун “Өнгөрсөн жилийнхээс ч илүү байгаа олж илрүүлэх, дагах хүчин чадал нь сайжирсан байна. Нарийвчлал нь нэмэгдэж, өнгөрсөн жил гарч байсан алдаа дутагдлыг арилгаж чадлаа. Маш сайн” гэж магтаж, үйлдвэрлэл болон тоноглолын талаар заавар чиглэл өгчээ. Пхеньян өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ч гэсэн  нисэх онгоц  устгах системийг туршиж байжээ.  
 
Нөгөөтэйгүүр, Хойд Солонгосын хөгжүүлж буйтай ижил төрлийн тив хоорондын баллистик пуужинг угтан устгах туршилтыг одоогийн ашиглаж байгаа пуужингаас хамгаалах системд гүйцэтгэхээр болсноо АНУ-ын тал өнгөрөгч баасан гарагт мэдэгдэж байсан удаатай. Тэдний мэдэгдсэнээр, маргааш буюу мягмар гарагт АНУ анх удаагаа тив алгасагч баллистик пуужинг устгах туршилтаа хийх юм.  
 
Хуурай газарт байрлах “Ground-Based Midcourse Defence” хамгаалах системийг пуужингийн довтолгооны эсрэг ашиглахаар бэлдсэн байдаг ч дээрх төрлийн пуужингийн эсрэг хэзээ ч хэрэглэж үзээгүй аж.  Нэгэнт Хойд Солонгос ийм зэвсэг бүтээж байгаа нь тодорхой, хэзээ нэгэн цагт аюул учруулах төвшинд хүрэх тул бэлтгэлтэй байх ёстой гэж АНУ-ын зэвсэгт хүчнийхэн үзжээ. Номхон далай дээгүүр АНУ-ын эргийг чиглэн ирэх байг Калифорний Ванденбергийн Агаарын Баазад байрлах хамгаалалтын систем устгахаар төлөвлөгдсөн байна. Уг бааз нь Калифорни, Аляска мужуудад байрлах нийт 36 агаарын баазын нэг юм.
 
Уг хамгаалалтын систем нь 1999 оноос хойш явуулсан 17 туршилтын есийг нь амжилттай гүйцэтгэсэн үзүүлэлттэй юм. Хамгийн сүүлд ийм туршилтыг 2014 онд явуулж байжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аргагүй дээ 2017-05-29 04:48:28
    хойт Солонгосчууд өөрөө өөрсдийгөө л америкчуудаас хамгаалахааас өөр хэнд найдах вэ дээ. Аргагүй юм даа.Энэ бүсээс АНУ цэргээ татвал хэн хэндээ амар байхсан.
    122.201.31.66
    Мэдэгдсэн Хариулах