Белла Хадид: Жесси Жо Старк надад маш их нөлөөлсөн

Загварын ертөнцөд од болон гялалзаж яваа эгч дүү Хадидын нэг болох Белла Хадидын ярилцлагыг энэ удаагийн “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна. Тэрбээр эдүгээ 20 настай. Чадварлаг загвар өмсөгчдийн нэг бөгөөд өнгөрсөн онд “Model.com” сайтын оны шилдэг загвар өмсөгчөөр тодорч байсан юм. Белла Хадид Калифорнийн Лос-Анжелес хотод төрж өссөн. Уг гарвалын тухайд эцэг нь палестин гаралтай бол ээж нь герман гаралтай, мөн л загварын тайзыг чимж явсан Иоланда Хадид гэх бүсгүй байжээ. Түүний эгч Жижи Хадид ч мөн загвар өмсөгч.  Ингээд бүсгүйн өөрийн загварын болоод Нью-Йорк хотод болсон Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан хоригтой холбоотой эсэргүүцлийн жагсаалд оролцсон талаараа хэрхэн ярьсныг сонирхуулъя.

-Чи “Донна Каран Нью Йорк”фэйшн хаусын нүүр царай болж байгаа. Гэхдээ калифорни бүсгүй шүү дээ. Өөрийн тань стиль, имиж  Нью-Йоркт нүүж  ирсэнээс чинь хойш л  өөрчлөгдсөн үү?

-14 настай байхаасаа Жижигээс /Хадид/ үл ялиг өөр стиль имижийн хувцас сонирхдог болсон юм. Үргэлж л хар жинс, савхин хүрэм өмсөхийг хүсдэг байлаа. Би 1970, 1980-аад оны Нью-Йоркийн зурагнуудын хараад хотын охид үнэхээр ганган  байсан байхдаа гэж боддог байлаа. Хүүхэд байхдаа найз Жесси Жо Старктай хамт хувцас чимэглэлийн дэлгүүр, хар зах руу явдаг байж билээ. Найз маань маш мэдрэмжтэй. Эцэг эх нь “Chrome Hearth” брэндийг эзэмшдэг учраас байнга л тэр талаар боддог байсан байх. Гэхдээ бид 16 насандаа л нэг нэгнийгээ олсон юм. Ний нуугүй ярихад, миний урьд өмнө нь уулзаж байсан хүмүүсээс загварын мэдрэмж хамгийн өндөр нь Жесси байсан. Тэр ч утгаар надад маш их нөлөөлсөн гэж боддог. Харин манайх Нью-Йорк руу нүүсний дараа би аль хэдийнэ түүний нэг хэсэг мэт хувцасладаг болсон юм даа.

-Инстаграмм дахь зургийг тань харж байхад заримдаа хав хар, харин заримдаа цав цагаан хувцас өмссөн байдаг юм билээ. Энэ талаар бидэнд сонирхуулаач?

-Хувцаслалтын нэг дүрэм бол аль нэг хэсэгтээ бага зэргийн өнгө нэмж өгөх хэрэгтэй байдаг юм болов уу гэж би боддог. Бүгд нэг хэвийн загвартай биш хэрнээ  ижил өнгөтэй байх. Үл ялиг өөр өнгө оруулж ирж бас болно.

-Тийм үү, төгс сельфи хийх арга байх нь ээ?

-Бид хувцасны гоёл чимэглэлийн тухай ярьж байгаа гэж бодсон юмсан. Энэ тал дээр бол “Донна Каран Нью Йорк” фэйшн хаус яг тохирно шүү. Бас би өөрийн хэтэвчнийхээ багтаамжид тохируулан аль дэлгүүрээс өөрт хэрэгтэй гоёлоо худалдан авах нууцыг мэднэ. Яагаад гэхлээр, би 18 нас хүртлээ  ямар нэг загварлаг хувцас авч өмсч байсангүй.  

-Нээрээ юу?

-Тийм ээ. Би  18 нас хүрэхдээ л эцэст нь нэг загварлаг гутал авч байлаа. Анх өндөр өсгийт худалдан авч байсан юм. Тэгэхэд, 18 настай байлаа шүү дээ. Өсгий нь маш өндөр. Тэр гуталдаа хайртай ч гэж жигтэйхэн байлаа. Элэгдтэл нь л өмссөн. Одоо тэр өндөр өсгийт минь 18 наснаасаа хойш хаагуур явсныг гэрчлэх газрын зураг шиг л болсон.  

-Хамгийн сүүлд Жижигээс мэдэгдэлгүй авсан зүйл. Эсрэгээр түүний таниас хамгийн сүүлд авсан хувцас  юу вэ?

-Би хамгийн сүүлд түүний судалтай кэйтийг нь өмссөн. Бид ижил размерийн гутал өмсдөг юм. Харин Жижи надаас юу авч өмссөн юм бол. Бодьё. Гэхдээ миний ямар нэг зүйлийг авч өмссөн бол Жижи надад хэзээ ч хэлэхгүй байсан. Яах вэ, миний фудволк, малгайтай цамцыг авчихсан байсан юм байна. Тэр авсан бол надад хэзээ ч хэлэхгүй, тас нуучихдаг юм.  

-Жижи Хадид та хоёр аялал жуулчлалд тавьсан хоригийг эсэргүүцэн Нью-Йоркт жагсаалд оролцсон гэсэн. Тэр талаар ярих боломжтой юу?

-Тийм ээ, бололгүй яах вэ. Бид оролцсон.

-Яагаад эсэргүүцлийн жагсаалд оролцохоор шийдсэн юм бэ?

-Маш олон шалтгаан бий. Би дэлхийн маш олон газруудаар явж туршлага хуримтлуулсан. Тэр бүхнээс бид бүгдээрээ адилхан хүмүүс, хайр энэрэл, хүндэтгэлийг аль аль нь  хүртэх эрхтэй гэдгийг суралцсан. Тухайн нэг хүний үндэс угсаанаас нь болоод,  зүй бус харьцах ёсгүй. Бид хүний ёсоор л хандах ёстой. Жагсаал зөвхөн зөвийн тухай биш байсан.  Энэрэнгүй, эерэг хандлагатай байх тухай маш том мессежийг иргэдэд өгөх зорилготой байсан учраас миний хувьд маш чухал үйл ажиллагаа байлаа.

-Одоо эргээд харахад, тэр жагсаалд оролцсондоо та баярладаг уу?

-Бид бүхнийг хамгаалах ёсгүй л дээ.  Гэхдээ хамгийн гол нь хамтдаа хийсэнд л байгаа юм. Нью-Йорк том хот. Тэгсэн ч, энх тайвны төлөө маш олон хүмүүс өөрсдийн дотоод сэтгэлийн дуудлагаар жагсаалд оролцохоор ирсэн байсан. Тэр өдөр би үнэхээр сэтгэл өндөр гэртээ харьсан шүү. Сэтгэл нэг л сайхан болсон мэт мэдрэмж төрж байлаа.  

-Хамгийн сүүлд асуухад, та “ЕЛЛЕ.ком”-ын “Model book” клубын гишүүн. Одоо ямар ном уншиж байна вэ?

-Одоогоор “The girl on the train” номыг уншиж байгаа. Номоо уншаад олон цагаар суухыг үнэхээр их хүсч байна. Даанч загварын долоо хоног гээд маш их завгүй ажиллаж буй учраас ном уншиж суухад илүү их цаг зарцуулж чадахгүй л байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.