​Иргэн санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар холбогджээ
Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбаттай сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлаар ярилцав.
 

- Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна, ямар ямар ажлууд хийгдэж байна?

-Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэг бүхий  Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Тус Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн програм хангамжийн эх кодыг шалган баталгаажуулж, уг програмыг зөөврийн компьютерт суулгах үйл ажиллагаанд хяналт тавих, шалган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгээд байна.

Аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг байгуулан ажиллуулж байна.

Улсын хэмжээнд мэдээллийн технологийн 30 баг ажиллаж байна.

Санал авах байранд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн  хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий нийт 2356 мэдээллийн технологийн даамал ажиллана.

Мэдээллийн технологийн баг болон даамлын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулаад байна.

Санал тоолох төхөөрөмжийн нөөц тэжээл /баттарей/-ийг цэнэглэж дуусаад орон нутагт хүргүүлэхээр ачуулаад байна.

Санал тоолох төхөөрөмжүүдийг баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

-Олон нийтийн зарим сүлжээгээр санал тоолох төхөөрөмжийг худалдан авах оролдлого гарсан талаарх мэдээлэл гараад байна, энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол улсын нэг иргэн санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар холбогдсон тухай “Доминион вөүтинг системс” компаний зүгээс бидэнд мэдэгдсэн. Тус компани хэдийгээр бизнесийн байгууллага ч гэсэн санал тоолох төхөөрөмжийг монгол улсын ямар нэг байгууллага, хувь хүнд худалдахаар бол Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгдэх үүрэгтэй, энэ дагуу тухайн иргэний мэдээллийг болон өөрсдийн өгсөн хариуг цахим шуудангаар бидэнд ирүүлсэн. Бид дээрх иргэн ямар зорилгоор санал тоолох төхөөрөмжийн талаар судалгаа хийж, үнийн санал авахаар санал тоолох төхөөрөмжийг нийлүүлэгч компанитай холбогдсон болохыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн байгаа. Эдгээр байгууллагууд өөрсдийн ажлын чиглэлээр шалгаж, тогтоох ажиллагаа явуулж байгаа гэсэн.

-Бас саналын хуудасны загвар хэвлэж өгөөч гэж хэвлэх үйлдвэрүүдэд хандсан явдал гарсан гэж сонссон?

-Аливаа этгээд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн иж бүрдэл, саналын хуудастай холбоотой ийм үйлдэл гаргахыг завдсан, гаргах оролдлого хийж байгаа нь тогтоогдвол тагнуул, цагдаагийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хуульд заасан хатуу хариуцлага тооцох ёстой. Ер нь санал тоолох төхөөрөмжүүд төрийн тусгай хамгаалалтанд байдаг, санал авах байранд хүргэхэд тагнуулын байгууллагын хяналтанд цагдаагийн хамгаалалттай хүргэгддэг. Санал авах байр нь мөн цагдаагийн хамгаалалтад байдаг.

Сонгуулийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон хуулиар үүрэг хүлээсэн бүх байгууллагууд хариуцлагатай, анхааралтай, сонор сэрэмжтэй, идэвх санаачлагатай ажиллаж сонгуулийг хуулийн дагуу шударга, зөв зохион байгуулах ёстой.


 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.