ХААН Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/-тай хамтран Бичил Жижиг Дунд Бизнесийг дэмжинэ
Монгол улсын тэргүүлэгч ХААН Банк 8 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийн гэрээг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/-тай байгууллаа. Өнгөрсөн онд талууд томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд бэлтгэн нийлүүлэлт хийдэг БЖДБ эрхлэгчдэд хямд санхүүжилт олгох зорилготой 25 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд уг санхүүжилтийн сүүлийн шатны 8 сая ам.долларын санхүүжилтийг төгрөгөөр авч байгаа юм. Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа төгрөгийн санхүүжилтийг гадны банкнаас хүлээн авч байгаа нь ХААН Банкны олон улс дахь нэр хүндийг илтгэж байна.
 
Гарын үсэг зурах ёслолд хоёр талын удирдлагууд оролцсон бөгөөд ХААН Банкыг төлөөлж  Гүйцэтгэх захирал Норихико Като, ЕСБХБ-ыг төлөөлж Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Мэттю Лэ Блан нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.  
 
ЕСБХБ-аас авч буй энэхүү санхүүжилт БЖДБ эрхлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр авч байгаа нь Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг болж, Монгол улсын эдийн засагт эерэг хувь нэмэр оруулах юм.
 
ХААН Банк ЕСБХБ-тай хамтран Монгол улсад БЖДБ эрхлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахаар ажилладаг бөгөөд 2013 онд БЖДБ-ийг дэмжих чиглэлээр ЕСБХБ-аас эхний ээлжинд авсан 17 сая ам.долларын санхүүжилтээ зорилтот харилцагч нарт бүрэн хүргэж, микро бизнес болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан бөгөөд үүнээс 5 сая ам.долларыг Монгол улсын нэмүү өртгийн сүлжээнд оролцдог 51 аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлсэн байна.   
 
            ЕСБХБ-аас олгож байгаа зээлийн тусламжтайгаар бичил жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад очих санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, бодит хөрөнгө оруулалт боллоо.


 
Бусдад түгээх
  • gplus