Хар тамхины эсрэг хамтдаа challenge эхэллээ

GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг дуудлага буюу challenge эхлүүлж байгаа мэдээллээ. Түүний уриалга өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм.

Х.Бат-Ундрал хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон юм.

Х.Бат-Ундрал: “Би залуучууддаа үлгэр дууриал болохын оронд ийм муухай зүйлтэй орооцолдож, дотны хүмүүсийнхээ урмыг хугалж, итгэлийг нь алдсандаа ээжээсээ, ах эгч дүү нараасаа, мөн манай хамтлагийг сонсдог олон мянган хүүхэд залуучуудаасаа уучлалт гуйж байна. Одооноос энэ хар тамхи мансууруулах бодисны эсрэг өөрийн дуу хоолойгоо, үзэл бодлоо хүүхэд залуучууддаа хүргэж байх болно” хэмээн уучлалт гуйсан юм.

Одоогооор түүний дуудлагад Монголын залуучуудын холбоо, Оюутны холбоо, Сурагчдын холбоо, Скаутын холбоо нэгдээд байна.

Манай улс хар тамхийг дамжуулагч, тээвэрлэгч гэсэн статустай байсан Монгол Улс хэрэглэгч орон гэсэн бүртгэлтэй болсон. Хар тамхи аюулын харанга дэлдсээр байгааг олон жил ярьсан боловч бидний чихэнд хэдийнээ дасал болжээ.

Хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихэссэн. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн улмаас 57 эрэгтэй, есөн эмэгтэй хүн ял шийтгүүлжээ. Мөн дахин 22 хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчдын тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс цагаан тахал хэмээх энэхүү хорт бодисоос Монголын нийгмийг, ирээдүй хойч болсон залуучуудаа хамгаалахын тулд энэхүү аяныг эхлүүлж байгаа гэдгийг санаачлагчид энэ үеэр онцоллоо.

ОХУ, БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнууд гэсэн гурван чиглэлээс манай улс руу хар тамхи хууль бусаар нэвтрүүлдэг тухай мэдээллээ.

Урд хөршөөс афетамин, метафетамины төрлийн мөс, мансууруулах ургамлын гаралтай шавах зэрэг бодисыг хууль бусаар нэвтрүүлдэг бол хойд хөршөөс сэтгэцэд нөлөөлөх андате зэрэг эм орж ирдэг байна.

Тэгвэл манай улс хар тамхины эсрэг тэмцэхэд бүх нийтийн оролцоо хэрэгтэй ч үүнд төрийн байгууллагуудын идэвхи санаачилга нэн тэргүүнд шаардлагатай байна.

Зургадугаар сарын 26-нд Дэлхий нийтээрээ хар тамхитай тэмцэх өдөр болдог бөгөөд энэхүү өдрийг угтан хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэх уриалгыг гаргаж байгаа энэ challenge-д идэвхитэй оролцохыг уриаллаа.

Бэлтгэсэн: ESA media agency Э.Мөнх-Эрдэнэ, Б.Лувсанхүү

Бусдад түгээх
  • gplus