Гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Монгол Улс энэ оны эхний таван сард дэлхийн 133 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 4016.2 сая америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 2518.5 сая америк доллар, импорт 1497.7 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 744.3 сая америк доллараар, импорт 325.7 сая америк доллараар өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 418.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.0 тэрбум америк долларт хүрсэн байна. 
Экспорт өмнөх оны мөн үеэс 744.3 сая америк доллараар өсөхөд нүүрсний экспорт 789.3 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 325.7 сая америк доллараар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 134.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 81.6 сая америк доллар, авто бензин 32.2 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 78.7 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 55.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 30.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 93.9 хувийг эзэлж байгаа бол импортын 67.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus