ЭЕШ орон даяар эхэллээ
2017-2018 оны хичэээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ. Тодруулбал, зургаадугаар сарын 14-ний өдөр орон даяар 12.00-13.40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж. Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.



ЕБС төгссөн 16 нас хүрээгүй шалгуулагчид төрсний гэрчилгээ болон сүүлийн гурван сарын дотор авахуулсан чээж зурагтай сургуулийн захирлын тодорхойлолттой шалгалтад ирэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулсан байна. Мөн шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй аж.
 

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлнэ:

- Бүртгэлийн хуудас,

- Суудлын хуваарь,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг,

- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг,

Энэ жилийн ЭЕШ-ын журамд шалгалтын хуудсыг тосон балаар бөглөх, монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврууд нэмэгдсэн байна.

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus