Сайн дурынхан буюу төр, уяач хоёрт “хамаагүй” унаач хүүхдийн амь
Жил бүрийн өдийд баяр наадмууд толгой дарааллан үргэлжлэхээс эхлээд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллагууд хөнддөг. Гэвч өнөөдрийг хүртэл унаач тэд томчуудын зугаа цэнгэлийн хохирогч болсоор байна. Жилд 300 гаруй хүүхэд бэртэж, эмнэлгийн тусламж авдаг тухай албан мэдээлэл бий. Хамгийн хэрцгий нь эдгээр хүүхдүүд дураараа морь унасан учраас гэх тайлбараас өөрсдөө хохирогч болон үлддэг. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд зааснаар тухайн иргэн ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирсон бол хохироосон тал нь эрүүл мэндийн бүх үйлчилгээ үзүүлэх заалт бий. Гэвч үүнийг унаач хүүхдэд төдийгүй бусад салбарт ч тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй. Харин ч “Энэ хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан гарчээ” гээд хариуцлагаас мултарч, нэр цэвэр үлдэхийг хичээнэ. Ийм утгатай заалтыг ч Морин спорт уячдын холбооны уралдааны дүрэмдээ “хүүхэд сайн дураараа хурдан морь унана, хурдан морь унах хүүхдийн эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Унаач хүүхэд Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелүүлнэ” гэж оруулсан байх юм. 
 
Тодруулбал, ММСУХ-ны Уралдааны дүрмийн зургаад унаач хүүхдийн эрх, үүргийн тухай заалтууд оруулжээ. 

6.1. Хурдан морь унаач хүүхэд нь сайн дурын үндсэн дээр морь унах ба эх, эцгээсээ зөвшөөрөл авсан байх.
6.2. Хурдан морь унасны төлөө уяачаас зохих шан хөлс авах.
6.3. Уралдааны замд эмээлийн олом, жирэм сулрах зэрэг бусад шаардлага гарвал морины комисст хэлж тусламж авах.
6.4. Эцэг, Эх, хууль ёсны асран хамгаалагч нь морь унахыг зөвшөөрсөн боловч хүүхэд өөрөө тухайн морийг унахаас татгалзах.
Нэг үгээр, эл дүрмээр хүүхдэд үүрэг оногдуулсан байх юм.

Монгол Улсад хүүхдийн эрхийн асуудал хүнд байгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлж байна. Тиймээс НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг болоод Засгийн газар, салбарын яамны төлөвлөсөн ажил, холбогдох хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа өчигдөр дуулгав. Тус яамны дэд сайд саяхан хүүхдийн эрхийн асуудлаар хийж буй ажлаа НҮБ-ын хуралд танилцуулж, үүрэг чиглэл авсан байна. Ойрын хугацаанд энэ талаар мэдээлнэ гэдгийг салбарын сайд дуулгаж байлаа.
 
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар 16 000 айл өрхийн хүүхдүүд хурдан морь унаж байгааг тогтоожээ. Харин энэ 16 000 айл нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай өрхүүд байсан аж. Өөрөөр хэлбэл амьдралын боломж тааруу, ядуу өрхийн хүүхэд унаачаар “ажилладаг” гэсэн үг юм.  
 
Жилийн жилд л уралдааны үеэр хурдан мориноос унаж хүүхэд амиа алддаг. Эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэн¬дээ¬рээ хохирох нь энгийн үзэгдлийн хохирогчид амжиргааны төвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүд. Нэг үгээр дүрэмд заасны дагуу тэд унаач гэх “ажил”-ыг хийснээр цалин авч, амжиргаанд нэмэр болж байна. Бидний ярьдаг хүүхдийн эрх холбооны ганцхан дүрмээр хязгаарлагдаж байна. Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүйг эрх баригчид, хууль санаачлагчид анхааралдаа авах цаг болж. Үгүй ядаж унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд уяачийн хүлээх хариуцлагийг өндөржүүлмээр байна. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus