Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын эхэнд “Өнөөдөр бид Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилгоор та бүхнийг урилаа. БСШУСЯ-аас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны  үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид  энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх,  их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.




2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг энэ үеэр мэдээллээ. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаагаа ч дуулгав.

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцлаа. 

 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus