“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн болно
"Улаанбаатар цом"  сонирхогчдын боксын олон улсын тэмцээн энэ сарын 21-25-ны өдрүүдэд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ, Шриланк, Тайвани, Флиппин, Киргизстан, Бутан, Индонез гэсэн 12 орны нийт 121 боксчин өрсөлдөх юм.

Харин манай улсаас нийт 40 (жин бүрт дөрөв) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Энэхүү тэмцээнд манай шилдгүүдээс олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат нараас бусад нь тулалдах юм.

"Улаанбаатар цом" тэмцээн 2000 он хүртэл тасралтгүй 26 жил зохион байгуулагдаад завсарласан. Тэгвэл өнгөрсөн жилээс эргэн зохион байгуулахад зургаан орны ширэн бээлийтэн манай рингэнд чуулсан юм. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus