400 гаруй жилийн түүхтэй бурхан хулгайд алдагдсаныг илрүүлэв

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг илрүүлжээ.

Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух хаягтай Н, Э, А нар бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай илрүүлж, холбогдох ажиллагааг хийж байна.

Энэхүү бурханыг ганеш гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурханыг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ.

Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus