Ц.Дуламсүрэн: Автомашин хүрэх боломжгүй газар усаа 20-30 литрээр нь зөөлөө

Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодрууллаа.         

-Богдхан ууланд хэд хэдэн түймэрч гарч, байгаль хамгаалагчид болон онцгойгийнхон газар дээр нь олон хоног ажилласан. Түймрийг цурманд оруулж чадсан уу?

-Голдуу явган аялагчдын маршрутын замын дагуу ойр ойрхон таван түймэр гарсан. Одоогийн байдлаар Залаатын амны түймрийг онцгойгийнхон унтраагаад цурман дээр нь манайхан ажиллаж байгаа. Уулын түймрийн аюултай нь  модны ёроолоор үргэлжилдэг. Өдөр нь ус асгаад унтраалаа гэхэд доогуураа шатаж байгаад маргааш нь өөр газраар гараад ирдэг. Тиймээс  хүн хүч, эдийн засгийн хүндрэл гарсан. Тухайлбал, Богдын дархан цаазат хамгаалалтын захиргаа зургаан мэргэжилтэн, нэг жолооч, 23 ойн хамгаалагчтай.  Ийм бүрэлдэхүүнээр түймрийг гарсан даруйд нь шуурхай дарж авах боломжгүй.  

-Түймэр явган аялагчдын маршрутын замын дагуу гарч байна гэлээ. Үүнийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бидний зүгээс хуурайшил­тын үед явган аялахыг зогсоох удирдамжийг баримт­­лан ажил­лаж байна. Нийслэл­чүүдийн хувьд явган аялах хамгийн ойр газар нь Богдхан уул. Гэхдээ гал түлж, тамхи татах гэх мэт буруу үйлдлүүдийг ихээр хийдэг нь асуудал болж байна. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 9-нд тушаал гараад явган аялагчдыг хуурайшилтын үед аялахыг зогсоосон. Гэвч аялагчдын хөл тасраагүй.  Иргэдийн зүгээс  “Бид яагаад аялж болдоггүй юм, би гал түймэр тавихгүй” гэдэг. Гэвч ууланд гарсан даруйдаа гал алдсан тохиолдол олон гарч байна. Бидний хувьд үүнээс сэргийлж, ээлжийн жижүүр гарган ажиллаж эхэлсэн.

-Хуурайшилт цааш үргэл­жилбэл, нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай юм байна. Газар дээр нь ажил­лаж байгаа хүний хувьд цаа­шид галт түймрийн аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэ хавар үндсэндээ Богд ууланд арван түймэр гарсан. Сүүлийн гурван түймрийн голомт дээр манай байгууллагын бүх ажилчид өдөр шөнөгүй ажиллаж цурманд оруулсан. Нэг хэсэг нь ус зөөж авирсан бол нөгөө хэсэг голомт дээр ажиллах жишээтэй. Сүүлдээ зарим хүмүүсийн бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч бий. Онцгойгийнхон гол хүч болж байна. Онцгой байдлын автомашин ирээд ч хүрэхгүй газрууд байгаа шүү дээ. Тиймээс 2-3 км-ийн  цаанаас 20-30 литрээр нь ус зөөсөн.

-Тусгай хамгаалалттай газ­рыг хариуцсан яам тамгын газрууд байгаа. Тэдний зүгээс дэмжлэг үзүүлж байгаа юу?  

-Салбарын яамнаас тухай бүрт дэмжлэг үзүүлээд явж байна. Саяхан л гэхэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Хан Хэнтийн дархан цаазат газар, ма­най хоёрт тус бүр 10 сая төг­рө­гийн дэмжлэг үзүүлсэн. Үүгээр албан хаагчдын хоол хүнс, техник хэрэгслийн шатахууны хэрэгцээг шийдвэрлэж байна.  Ер нь яам тодорхой хэмжээнд ард иргэдийнхээ төлөө чиглэсэн олон ажил хийж байгаа. Үүний нэг нь Цэцээ гүний явган аяллын маршрутыг 10 сая төгрөг гаргаж янзалж өглөө. Мөн Зайсанд автомашины зогсоол, аялагчдын амрах газар гэх мэтээр иж бүрэн тохижуулахаар ажиллаж байна. Эдгээр асуудлыг шийдэж чадвал, аялагчид зориулалтын газраа амраад гал түймрийн эрсдэл төдий чинээгээр буурна.

Монголын мэдээ
Б.Тогтох

Бусдад түгээх
  • gplus