“Олимпийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Өнөөдөр "Олон улсын олимпийн өдөр" тохиож байна. Энэ өдрийг таван тивийн олимпизмд нэгдсэн орнууд 69 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Манай Үндэсний олимпийн хорооныхон энэ баярт өдрийг "Бөртэ чоно" талбайдаа ирээдүйд эх орныхоо нэр алдрыг тив, дэлхий, олимпийн дэвжээнд цуурайтуулах бяцхан тамирчидтайгаа тэмдэглэн өнгөрүүллээ. Өмнөх баярын өдрүүдэд олимпийн үе үеийн медальт, алдар цуутай тамирчид оролцдог байсан юм. Тэгвэл энэ жилийн ёслолын хамгийн хүндэт зочин нь Монголын анхны олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатаас бусад нь дунд, залуу үеийн төлөөлөл байв.

Ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, БСШУСЯ-ны Бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр тэргүүтэй албаны зочид хүрэлцэн ирсэн юм. "Олимпийн өдөр"-ийн тусгай зочид болох бяцхан тамирчид маань спортын үзүүлэх тоглолтоор ирсэн зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөв. Үзүүлэх тоглолтод оролцсон спорт холбоод нь Монголд сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй ширээний теннис, бадминтон, кэндама, өндрийн харайлт, волейбол, хөлбөмбөг гэсэн төрлүүд багтсан байлаа.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus