“Сонгох эрхээ эдэлж сонгуульдаа бүгдээрээ оролцъё”

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгийн иргэд сонгогчдод хандаж хэлсэн үг


Монгол Улсын иргэд сонгогчид Та бид 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн өглөөний 7 цагаас 22 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дуүргийн 339 сонгуулийн хороо, 1983 хэсгийн санал авах байр, 46 төв, салбар комисс, ажлын хэсгүүд, мэдээллийн технологийн 31 баг байгуулагдаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган аймаг, нийслэл, дүүргийн сюнгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн багийн 139 гишүүн, мэдээллийн технологийн 2356 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2554 ажилтан ажиллаж байна. Мөн цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулсан болно. Санал авах, тоолох энэхүү төхөөрөмжийг 2012, 2013, 2016 оны сонгуулиудаар амжилттай хэрэглэсэн билээ. Иймд сонгогч Та бүхэн сонгуульд хэрэглэж буй сонгуулийн автоматжуулсан системд итгэлтэй байж болно.

Энэ удаагийн сонгуульд 2 сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

Сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй иргэд нэвтрэх боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий саналын хуудасны хавтас бэлтгэж бэлэн болгоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын Намаас Миеэгомбын Энхболд, Ардчилсан Намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын Хувьсгалт Намаас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчдийн нэр, өнгөт зураг, намын нэр, нэгдсэн дугаар, тусгай нууцлал бүхий саналын хуудасны загвар, тоо хэмжээг батлан хэвлүүлж, хуульд заасан хугацаанд санал авах байруудад техник хэрэгслийн хамт хүргүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллаж байна. Тухайлбал, АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллагаас 100 гаруй ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байна. Дотоод, гадаадын 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг сурвалжилж байна.

Түүнчлэн сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар дотоодын 20 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллана.

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдөр бүх нийтээр амарна.

Сонгогч Та санал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгөх ба санал өгөхөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй ээ.

Санал авах өдөр ажиллаж байгаа байгууллагын захиргаа ажилчиддаа чөлөө олгож, сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг Монгол Улсын Сонгуулийн Ерөихий Хорооны нэрийн өмнөөс сонгогч Та бүхэндээ хандан уриалж байна.

 
Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!

 

Бусдад түгээх
  • gplus