Нэр дэвшигч 50 болон түүнээс дээш хувийн саналаар ялалт байгуулах ёстой
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар дэлгэцээр харуулж байна. Одоогийн байдлаар АН-ын нэр дэвшигч Х.Баттулга 493904, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 393981, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 388234 санал аваад байна. 

Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигч нь 50 ба түүнээс дээш хувийн санал авсан тохиолдолд ялагч болно. Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн санал ойролцоо түвшинд байгаа юм. 

Аль нэг нэр дэвшигч 50 болон түүнээс дээш санал аваагүй тохиолдолд дахин санал хураалт явуулах заалттай. Энэ талаар хуульд дараах байдлаар заажээ.

38 дугаар зүйл. Сонгуулийн хэсэгт санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин санал хураах

1.Сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:

1/гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн өмнө зарласнаас өөр өдөр санал хураасан;

2/санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн /энэ нь энэ зүйлийн З дахь хэсэгт заасанд хамаарахгүй/;

3/сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;

4/сонгуулийн хорооны гишүүд, бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон бөгөөд энэ нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн. /Энэ заалтад 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /

2.Санал хураалтыг хүчингүй болсонд тооцсон тухай сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал хураана. Дахин санал хураах шийдвэрийг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал хураах байр, өдрийг заасан байвал зохино. Дахин санал хураалтыг ажлын өдөр явуулж болно. Санал хураалт сонгуулийн хэсгийн хэмжээгээр хүчингүй болсон тохиолдолд тухайн хэсгийн нийт сонгогчийг дахин санал хураалтад оролцуулна.

3.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар санал хураах байранд өөрөө хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн бол уг хайрцаг дахь сонгогчдын саналыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд уг хайрцагт санал өгсөн сонгогчдыг санал хураалтад дахин оролцуулна.


39 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулах

1.Нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтыг анхны санал хураалт явагдсанаас хойш 14 хоногийн дотор явуулна.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus