“Тамирчдын өдөр” өнөөдөр тохиож байна

Монгол улс жил бүрийн зургаадугаар сарын 28-ны өдрийг "Тамирчдын өдөр" болгон тэмдэглэдэг. Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт,  түүний үр өгөөжийг олон нийтэд сурталчлан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг аж.

 
Монголын "Тамирчдын өдөр"-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр тэмдэглэх бөгөөд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм. Баярын эхэнд оролцогчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх бөгөөд Монголд шинэ тутам хөгжиж буй нийтийн бүжиг, дартс, граунд гольф, олс таталт, нисдэг таваг, ширээний шагай, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг спортын 10 орчим төрлөөр тэмцээн зохион явуулна.

Тив, дэлхий, олимпийн дэвжээнд эх орныхоо нэр алдрыг өндөрт цуурайтуулсан баг тамирчин, үе үеийн тамирчдын төлөөлөл энэхүү ёслолд оролцох бөгөөд урлаг, спортын олон арга хэмжээ энэ үеэр болно. Тус арга хэмжээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, спорт хороод, хүчний байгууллагууд энэ ёслолд оролцоно. Мөн салбартаа үр бүтээл, өндөр амжилт үзүүлсэн шүүгч, тамирчин, дасгалжуулагчдад цол, зэрэг олгох ёслол болох юм байна. 
 

П.ГОО

Бусдад түгээх
  • gplus