Г.Чулуунбаатар сайд аа, боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэй байна
ЭЕШ-ын дүн өнөөгийн боловсролын салбарт дүн тавилаа. Өчигдөр цахим ертөнцөд хамгийн их шуугиан тарьсан асуудал бол ЭЕШ-ын шалгуулагчийн дүн байв. Тодруулбал, Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчийн дүн eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улсын хэмжээнд Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг 17779 шалгуулагч өгснөөс 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь шалгалтад унажээ.

Шалгуулагчдын дүнгийн жагсаалтаас харахад монгол хэлний шалгалтад улсын хэмжээнд 30 хүүхэд хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.

Энэ бол Монголын боловсролын төвшин ямар хэмжээнд байгааг харуулсан үйл явц гэдгийг тодруулан хэлэх хүн олон байна. Товчхондоо шинэхэн сайдтай болоод сарын нүүрийг үзээгүй байгаа энэ салбарын нүүр царай энэ. Эх хэлнийхээ шалгалтад толгой дарааллан муу дүн авсан их, дээд сургуульд элсэгчид бол өнөөдрийн боловсролын салбарын дүр зураг, төвшин энэ байдалд хүрчхээд байна. Дэлхийн орнууд ерөнхий болон дээд боловсролд бусад шатны боловсролоос илүү их анхаарал тавьдаг. Учир нь ерөнхий боловсролын үе шатанд хүн насан туршид хэрэглэх онолын болон практик мэдлэг, нийгэмд амьдрах дадал, дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэгийг олж авдаг байна. Гэтэл дээрх дүр зургаас харахад Монгол Улсын боловсролын салбар насан туршид нь байтугай зайлшгүй шаардлагатай боловсролыг ч олгож чадахгүй байна. Нэг үгээр боловсролын салбарт шинэчлэл ус агаар мэт дутагдаж байгааг эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд гээд хаана хаанаа л ярьж  байна.

 Цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиар бараг хорь гаруй жил дамжсан боловсролын салбарын бүтээгдэхүүнүүд чанар муутай байгааг ажил олгогчид ам уралдан ярьж байгаагийн бодит жишээ мөн л ЭЕШ-ын өгсөн шалгуулагчийн дүн. Сарын өмнө салбарын сайдад хариуцлага тооцож, огцруулсан. Мөн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ баталсан. Эцэст нь мундаг академич Г.Чулуунбаатарт боловсролын яамыг хариуцуулсан. Сайдыг нь солиод боловсролын салбарт шинэчлэлт авчирч байсан түүхгүй ч мундаг академич ямар төлөвлөгөө гаргаж байгааг таашгүй.

Жил жилийн сонгуулийн дараа төрийн албаныхан солилцоонд ордог. Намын томилгоо явагдаж, яамны нэрийг өөрчилдөг. Ингэснээр чиг үүрэг, чиглэл нь дахин өөрчлөгдөнө гэсэн үг. Аль ч яамдад сайдаасаа эхлээд газрын дарга хүртлээ боловсролын бодлого боловсруулах анхан шатны мэдлэггүй, мэргэжлийн бус, сурган хүмүүжүүлэх ажлын ямар ч туршлагагүй намын шахааныхнаар дүүргэх үйл явж арав гаруй жил үргэлжилж байна. Энэ байдлын үр дүнд боловсролын салбар уналтад орчихлоо.

 Салбар яамаа хүлээж аваад сар болоогүй сайдын хувьд энэ удаагийн ЭЕШ-ын шалгуулагчдын дүн  тус салбар шинэчлэл хийх шаардлагатайг сануулж байгааг хэлэхэд илүүц биз.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus