Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө зөвхөн өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжид зориулна гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав. Харин Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Үндэсний аудитын газрынхнаас асуулт асуув. Тэрбээр “Тайлангийн 6.2-т 2015 оны 12 дугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Архангай аймгийн Хайрхан сумдад нийт 2.2 тэрбум төгрөгөөр сум дундын нийгмийн даатгалын тасгийн барилга барьсан нь хэр бодитой тоо вэ. Таван аймагт барилга барихад ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдэг нь эргэлзээтэй” гэж байлаа. Үндэсний аудитын газрынхан энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын гишүүнд бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр өмнөх дөрвөн жилд Нийгмийн даатгалын хэлтсийн барилга байшин барьдаг байсан замбараагүй явдлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө зөвхөн өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжид зориулагдаж байхаар болсон” гэдгийг онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus