Интернэт тоглоомд цагийн хязгаар тогтоолоо

Бага насны хүүхдүүд бүхэл шөнийн турш онлайн тоглоом тоглох явдал сүүлийн үед дэлхий нийтийн асуудал болоод буй. Тэгвэл инженерийн технологийн “Тенсент” компани өчигдрөөс БНХАУ-д хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй ухаалаг утасны онлайн тоглоомын апп болох “King Of Glory”-ыг ашиглах цагт хязгаар тогтоож, өдөрт 1-2 цаг л тоглох зохицуулалт хийж буйгаа мэдэгдсэн байна.

БНХАУ-ын насанд хүрээгүй хүүхдүүд онлайн тоглоом удаан хугацаагаар тоглох тохиолдол ихсэж, эрүүл мэндэд нь эрсдэл дагуулах болсонтой холбоотойгоор тус компани “Хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө” ийм арга хэмжээ авч буй аж. Интернэт тоглоомын аппын ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг “Тенсент” компани мэдэгдэлдээ “Эхэндээ тоглоом баяр баясал авчрах зориулалттай байлаа.

Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бидний тоглоомыг тоглох хүүхэд багачуудын эцэг, эхчүүдэд баяр баясал авчрахаа больсон” гэжээ. Тус тоглоомын аппыг хэрэглэгчдийн тоо өдөртөө л 80 саяд хүрдэг байна. БНХАУ-ын хэмжээнд дэлгэцийн дон туссан насанд хүрээгүй хүүхдийн тоо аль хэдийнээ 24 саяд хүрсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард л гэхэд Гуандон мужид 40 цаг тасралтгүй онлайн тоглоом тоглосон 17 настай хүүхэд цус харвасан тохиолдол гарчээ.

Ямартай ч, дээрх зохицуулалтыг хийснээр 12 нас хүрээгүй хүүхэд өдөрт нэг цаг, 12-18 насны хүүхэд өдөрт хоёр цаг онлайн тоглоом тоглох боломжтой болох бөгөөд цаашдаа оройн 21:00 цагаас хойш тус аппыг ашиглах боломжгүй болгохоор ажиллаж байгаа гэнэ. Цагийн хязгаарлалт өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus