Д.Оюунхорол: Зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан

Засгийн газрын хуралдаанаар байгаль орчны салбарт ээлтэй хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас бүх хүүхдэд 20 мянган төгрөг өгөх, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгох шийдвэрийг гаргасан нь иргэдийн сайшаалыг хүртээд байна. Үүнээс гадна иргэдээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг хариуцлагагүй уул уурхайн асуудлыг цэгцлэх хүрээнд хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор БОАЖЯ-наас оруулсан 2 ч асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах  баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг  нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газартаа нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг  Засгийн газрын хуралдаанаар цуцаллаа. Мөн ойн хөнөөлт шавжинд идүүлсэн 220 мянган га талбайд тэмцлийн ажил нэн яаралтай явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө шаардлагатай 6 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэхүү ажлыг хийснээр их хэмжээний ойн сан дахин сэргэн ургах чадваргүй болох, хатаж, хуурайшин байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм.

-Хариуцлагагүй уул уурхайн асуудал байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг танай яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Олборлолт болон хайгуул хийхдээ хийхдээ хариуцлагагүй хандаж байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцох, нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу сайн хийлгэхээс гадна нинжа нарын хууль бус олборлолт, уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамааран эвдэгдэж, орхигдсон газрын асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх” ажлын удирдамж гарган албан бичгээр аймаг, нийслэлийн Засаг дарга болон БОАЖГ-ын дарга нарт хүргүүлсэн. Одоогоор Орхон аймаг тооллогоо хийж дууссан, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймаг тооллого хийж байна. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд бүрэн хэмжээгээр тооллого явуулж дуусган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Манай яамнаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд МХЕГ болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хяналт, хатуу шаардлага тавьж ажиллаж байна.

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голын эхэнд алт олборлож байгаа ААН-үүдийн үйл ажиллагаанд 5-р сарын 23-нд газар дээр нь томоохон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалт хийж, зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийгээгүй, олон тооны ААН-үүдэд тусгай зөвшөөрлийн талбайг түрээслүүлэн хяналтгүй болгож, гол бохирдуулахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүй, бичиг баримтын бүрдэлгүй зэрэг олон зөрчил байгааг баримтжуулан, үйл ажиллагааг нь 2 сар хүртэл хугацаагаар зогсоосон байна. Энэ хугацаанд Орхон гол бохирдолгүй, хэвийн байгаа талаар нутгийн иргэд, ТББ-аас мэдээлэл ирүүлж байгаа.

Бусдад түгээх
  • gplus