Юун 20 сая доллар вэ, Ж.Мөнхбат сайд аа
Улс төрчдийн мөнгөө босгодог олон компаниудын нэг бол Эрдэнэс Тавантолгой гэж саяхны Өдрийн сонины дугаарт бичсэн байна. Тодруулбал, нүүрсний экспортын квотоос эрх бүхий улс төрчид бэл бэнчингээ бүрдүүлдэг гэсэн үг. Үнэхээр ч хувийн хэвшлийн Энержи Ресурс компани нэг тонн нүүрсийг 150 доллараар борлуулж байхад Эрдэнэс Тавантолгойгоос Хятадад гаргаж буй нүүрс 60-70 доллар байна. Хоёр дахин хямд! 
 
Ийнхүү хямдхан борлуулах тохироо хийж, үнийн зөрүүг хэн нэг эрх мэдэлтэн халаасалдаг тухай соошлд идэвхитэй жиргээчид сануулж, анхааруулсаар ирсэн. Тэгвэл саяхан ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Хятадад айлчлахдаа Монголоос экспортлох нүүрсний үнийг хямд хэвээр хадгалах тохироо хийж, үнийн зөрүү болох 20 сая долларыг “цохисон” тухай мэдээлэл гарах боллоо. Найрагч хүү энэ мэтчилэн төрийн албаны цалингаас гадуур олсон орлогоороо дэлхийн брэндийг цуглуулдаг ч юм билүү. Хэдийгээр өөрөө үгүйсгэж, өрөөндөө шууд бичлэг хийн зүүсэн цагаа “1000 хүрэхгүй долларын үнэтэй” гэж чамлангуй үзүүлсэн ч, үйл явдлын зургууд дээр зүүж яваад баримт болон үлдсэн олон төрлийн чамин гангараануудаа няцааж чадаагүй. 
 
Хардах эрх хэнд ч бий. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ханш ямар байгааг, бид хэдээр гаргадаг, цаашлаад ямар ямар компани хэдий хэмжээний квоттой гэдгийг нэгтгэн шалгах аудит оруулж нийгэмд байгаа энэ хардлагыг нэг тийш нь цэгцлэх цаг болжээ. Тэгэхгүй бол халаас нимгэн найрагч түшээгийнхээ орлогоосоо хэтийдсэн хэрэглээ, гангарааг холбож тайлбарлах логик сайтай ард түмэнд юу эс бодогдох билээ.
 
Г.Итгэл
Бусдад түгээх
  • gplus