Өрөөсгөл хүр эрвээхийн тархалт өсөх магадлалтай байна гэв

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг 9300 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 4000 га талбайд гүйцэтгээд байна.

Ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн 2017 оны дөрөвдүгээр сарын 28–аас тавдугаар сарын 15-ны хооронд Улаанбаатар хот орчимд зохион байгуулж нийт 654 кг өндгийг булж устгажээ.

Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэж байгаа ба хортон шавжийн өндгийг түүж устгах ажлын явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшилыг судалж үзэхэд эрвээхийн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байна.

Хэт халалт, хуурай гандуу байдал нь хортон өсөх бас нэгэн шалтгаан болдог бөгөөд өндөглөх үедээ гэрэлд татагддаг тул хот, суурин газарт илүүтэй ажиглагдана. Иймд нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхийн талаарх мэдээлэл болон түүнтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.

Онцлог шинж:

  • Өрөөсгөл хүр эрвээхий нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм. 
  • Хүрэнцэр 5-р сарын сүүлчээс 6-р сард маш идэвхтэй хооллоно. 7-р сарын сүүлчээр хүүхэлдэйд шилжиж мөн сарын сүүлч, 8-р сард эрвээхий нисч эхэлнэ. 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндгөө хад асга, уулын энгэрт, элбэгшсэн үедээ байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахаад өөрөө үхдэг.
  • Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй (22:00-02:00), нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх эрсдэлтэй.
  • Хүрэнцрийн үе шатандаа мод, бутны навч шилмүүсээр хооллож ойн санд хөнөөл учруулдаг.

Урьдчилан сэргийлэлт:

  • Идэвхтэй цагуудад нь тагт, цонхоо хаах
  • Тагт, цонхондоо хамгаалалтын тор хийх
  • Өндөг  шахах боломжтой газруудыг шалгаж байх
  • Өндөглөсөн газруудыг цэвэрлэх
  • Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх

Устгах аргууд:

  • Мэргэжлийн байгууллагууд өндөг үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиахимийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгадаг.
  • Гэрийн нөхцөлд өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхийг 20-30 см ухсан нүхэнд булж устгана. Ингэхдээ бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай. гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus