Олон улсын мэргэжилтнүүд Зоонозын өвчний талаар хэлэлцэж байна
Эдгээр өдрүүдэд олон улсын хамтарсан “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Сүүлийн жилүүдэд зоонозын гаралтай өвчлөлүүд, түүний дотор шинэ болон шинээр сэргэж буй халдварууд олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсгэх хэмжээний томоохон асуудлууд болоод байгаа билээ. Иймээс шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнүүдийн үүсгэгчийг байгаль, мал, амьтан, дамжуулагчдын дунд болон хүнээс хүнд хэрхэн орчиж буйг байгаль, дэлхий, уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, улс орны нийгэм эдийн засгийн байдал, хүн амын амьдралын нөхцөл, онцлог, хүнсний хэрэгцээ зэрэг олон үзүүлэлттэй харьцуулан биологийн болон анагаахын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшлийг ашиглан судалж, зүй тогтлыг илрүүлэх нь нэн чухал байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний 22 дугаар хуралд салбар хоорондын хамтын ажиллагааны байгууллагууд болон тус төвтэй хамтын ажиллагаа бүхий улс орнуудын төлөөлөл ОХУ, БНХАУ, Казахстан, ХБНГУ зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Энэхүү хурлын зорилго нь зоонозын халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож буй энэхүү хурлаар “Баянзүрх дүүрэгт хийсэн эзэнтэй ба золбин нохойн тооллого, нохойгоор дамжих зоонозын өвчний тандалт судалгааны дүн”, “Орос, Монголын нутагт тархсан иксод хачгийн төрөл зүйлд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл”, “Казахстан улсын өмнөд хэсэгт бүртгэгдсэн хачигт энцефалитын хүний өвчлөл”, “Дундговь аймагт хийгдсэн хачгаар дамжих халдварын тандалт судалгааны дүн”, “Алмат орчим бүс нутаг нь хачигт риккетсиозын зүйлүүдийн Казахстан дахь хамгийн их холилдсон хэсэг болж байна”, “Говь-Алтай аймгийн Цогт сумын D.nuttali хачгинд зарим зооноз өвчний шинжилгээ хийсэн дүн”, “Монгол-Хятадын хил орчмын нутгийн хачиг ба мэрэгчийн дамжуулагчаар дамжих халдварт өвчний халдварлалт, Хятад-Монголын хамтарсан тандалт судалгааны үр дүн” зэрэг судалгаа, шинжилгээний дүн хэлэлцүүлж байна.
Уг хурлын үр дүнд зоонозын халдварт өвчнүүдийн тархвар судлал, молекул биологи, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ зоонозын халдварт өвчний эрдэм шинжилгээний ажлууд, сүүлийн үеийн ололт амжилтыг харилцан мэдээлэх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.