Ганжуур, Данжуурын 400 боть бүтээлийг орчин цагийн хэлэнд буулгаж байна
“Цогт цагийн хүрдэн” соёлын төвөөс 2011 оноос эхлэн Монгол Ганжуур, Данжуурын 400 боть бүтээлийн чуулганыг орчин цагийн бичигт буулган Монголын ард түмэндээ таниулж, ирээдүй хойчдоо өвлүүлэн, оюуны дархлааг нь сэлбэх, шинжлэх ухааны түвшинд судлан шинжлэх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажилд Төвд, Санскрит, Хятад, Манж, Монгол хэл, бичиг болон буддын шашин судлалын эрдэмтэн мэргэд, судлаач, лам хуврагуудаас бүрдсэн 60 гаруй хүн оролцож байгаа аж. Одоогоор 160 ботийг бүрэн бэлтгэн дууссанаас 100 гаруй ботийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгоод байгаа юм байна.

Түүнчлэн Ганжуур, Данжуур хэмээх энэхүү бүтээлийн утга учрыг ард олонд таниулах энэ ажлыг ч мөн эхлүүлээд байгаа аж. Энэ хүрээнд маргаашнаас эхлэн “Ном бүтээлцэх өргөлийн аян”-ыг өрнүүлэхээр болжээ. Энэ нь ард иргэдийг соёл гэгээрлийн үйлсэд гар бие оролцож хотол олноороо Ганжуур Данжуурыг бүтээх боломжийг олгох зорилготой аж. Аяны үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилж, номын үр шимийг түгээх ажлыг хаврын адаг сарын шинийн 15-аас /5.14/ зуны эхэн сарын шинийн 15-ны /6.13/ хооронд Ном соёл гэгээрлийн дөрвөн томоохон арга хэмжээг зохион байгуулах юм байна. Үүнд “Монгол Ганжуур Данжуур олны хүртээлд” танилцуулга /5.14-5.27/, “Оюуны бүтээн байгуулалтыг залуучууд манлайлъя” /5.25-6.6/, “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аян /6.6-6.10/, “Ном бүтээлцэж гэгээрэлд дөтөлье ” /6.13/ тус тус зохион байгуулах аж.

ГАНЖУУР ДАНЖУУР нь хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэх, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай Бурхан багшийн хамаг сургаалын чуулган юм. Өөрөөр хэлбэл, Ганжуур Данжуурт буддын их бага арван ухаан буюу өнөөгийн ойлголтоор бол математик, хэл шинжлэл, хими, физик, биологи, философи, учир шалтгааны ухаан /логик/, сэтгэл судлал, геометр, анагаах ухаан тэргүүтэн шинжлэх ухааны суурь мэдлэгийн онол, арга зүй багтсан байдаг. Товчдоо энэ хоёр бүтээл нь Буддын их бага арван ухааны эш онол багтсан нэвтэрхий толийн шинжтэй, утга агуулгын хувьд өргөн цар хүрээг хамарсан шинжлэх ухааны цогц мэдлэг ухаан юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ggg 2014-05-13 08:03:12
    chakra.mn-ees бусад мэдээллийг нь авч болох юм байна лээ. Их сайхан арга хэмжээ болох юм байна даа
  • kh 2014-05-13 07:19:24
    баярлалаа, хүн болж төрсөнийх ,уншиж үзэх юмсан,авбал үнэтэй байх даа,хандив яаж өгөх вэ,