Долоо хоногийн тойм
Баяр наадмын амралт дуусч ажил эхэллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралт ес хоног үргэлжилж өнгөрөгч ням гарагт ажлын өдрүүд эхэлсэн.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. 
 
 Түймрийн эсрэг нэгдэцгээв
 
Баяр наадмын  амралтын өдрүүдэд гал түймрийн аюул харанга дэлдээд байсан. Энэ сарын 16-ны байдлаар  нийт нутагт 22 түймэр асаад байсан билээ. Үүний улмаас нийслэлийн агаарын чанар муудаж, битүү мананд автаад байсан. Ингээд Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг яаралтай гаргасан. Тухайлбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ногоон бүсэд аялж, зугаалахыг түр хугацаагаар хориглосон юм. Мөн ОХУ-аас ус цацах нисдэг тэрэгний тусламж хүссэн.Үүнээс гадна Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Шадар сайд нар түймрийн голомтод өөрийн биеэр ажиллав.

Тэгвэл түймрийн  эсрэг иргэд олноороо нэгдэж, сайн дураар түймэр унтраахад оролцож, мөн хандивын аяныг өрнүүлсэ. Гал түймрийг унтраахад зориулж иргэдээс 2017.07.21-ний өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 692 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.
 
Өнөөдөр  Монголын залуучуудын холбооны Сөүл хот дахь залуучуудын холбоо, Том Гуанжау хотын Монголын залуучуудын нийгэмлэг хамтран 1,000,000 төгрөг, мөн 1,750,000 төгрөгийн хорт утааг шүүгч маскын хамт  илгээлээ. Түүнчлэн АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын холбооны 100 орчим аж ахуй нэгж, хувь хүн хамтран хандивын аян өрнүүлж  12,600,000 төгрөг цуглуулснаа илгээжээ. Илгээмжийг ОБЕГ-ын удирдлагад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар гардуулан өгсөн юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зэвсэгт хүчнийхэн хүндэтгэл үзүүллээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад  төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал цэргийн үлээвэр найрал хөгжимд эгшиглэлээ. Ёслолын жагсаалыг нийслэлийн ард иргэд зочид төлөөлөгчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, генералууд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд үзэж сонирхлоо. 
 
С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг тавив
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарим Элчин сайдыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн талаар Ерөнхийлөгчийн албан ёсны сайт дээр мэдээлжээ. Тус мэдээлэлд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ.Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ. 

Тэгвэл уг албан бичгийн хариуг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн бөгөөд татгалзсан хариу өглөө. Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна гэх хариултыг өгсөн.
 
Японы парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга  манай улсад айлчлав
 
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцсон.
Энэхүү айлчлал Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.