
Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа. Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2000 орчим оюутан суралцаж байгаа аж.
Мөн хоёр талын биенесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нар санал солилцон ярилцлаа.
President.mn