Бидний голсон задгай төгрөгийг гадныхан "чулуу" болгож байна
Монголын задгай төгрөгүүд буюу 1, 5, 10, 20-тын дэвсгэртүүдийг хятадууд их хэмжээгээр худалдан авах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. 2013 оны сүүлээр Монгол улсын иргэд их хэмжээний задгай төгрөг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гурван тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Одоогоор тэдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад явж байна. Дээрх иргэд “хятадууд манай жижиг дэвсгэртийг бэлэг дурсгалын зүйл хийхээр өндөр үнээр авдаг” хэмээн мэдүүлсэн байгаа юм. Гэвч хууль хяналтын байгууллагын албан хаагчид “үнэт цаасыг нь ашиглан хуурамч валют үйлдвэрлэх, эсвэл Монголын бага мөнгөн дэвсгэртийн нөөцийг багасах, хуурамч валют их хэмжээгээр дотоодын зах зээлд нийлүүлэх зорилготой байж болзошгүй” хэмээн таамаглаж, мөрдөн шалгаж байгаа гэнэ. Үүний хүрээнд задгай дэвсгэртийг үйлдвэрлэхийг түр зогсоосон тухай ч мэдээлэл гарах болсон юм. Тиймээс Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатараас тодруулга авлаа.

П.Сүхбаатар: Иргэд задгай төгрөгөөр яахав гэж ханддаг, түүнээс гүйлгээнээс хасагдсан зүйл байхгүй
-Манай улсын жижиг дэвсгэртүүдийн гадныхан их хэмжээгээр худалдан авч байна. Тэд үнэт цаасыг нь ашиглах гэж аваад байна уу гэх хардлага байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Өнгөрсөн онд иргэд жижиг дэвсгэрт их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэсэн хэд хэдэн удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тэр бүрт нь гааль хяналтын байгууллагын албан хаагчид илрүүлэн шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гадагш гарган зарж болохгүй гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Үүний дагуу хууль хяналтынхан дээрх иргэдийг шалгаж ямар зорилготой мөнгөн дэвсгэрт гадагш гаргах гэж байсныг тодруулж байгаа. Яг ямар арга хэмжээ авсан талаар манайд мэдэгдээгүй байна. Он гарснаас хойш ийм асуудал дахин давтагдаагүй байгаа. Тэгэхээр хууль хяналтынхан энэ хууль бус үйлдлийг таслан зогсоосон уу гэж харагдаж байна.

-Иргэд жижиг дэвсгэртүүдийг ашиглахаа больсон байна. Гэвч манайд шинээр үйлдвэрлэсээр байна. Энэ нь ямар зорилготой вэ?
-Ашиглахаа больсон гэж хэлж болохгүй. Манай арилжааны банкууд, худалдаа үйлчилгээний томоохон дэлгүүрүүд ашиглаж байгаа. Тэдэнд эрэлттэй байна. Харин манай иргэд л энэ 10 төгрөгөөр ч яахав дээ гэж ханддаг. Ашиглаж сураагүй. Үүнээс болоод гүйлгээнээс хасагдсан мэт санагддаг байх. Түүнээс гүйлгээнээс хассан, ашиглахгүй гэсэн шийдвэр бол гараагүй. УИХ-аас жижиг дэвсгэртүүдийг гүйлгээнд байлга гэсэн шийдвэр гарсан учраас эдгээр нь хариулт хэлбэрээр үйлчилгээнд ороод байж л байх ёстой.
-Хилээр гаргахыг завдсан мөнгөн тэмдэгтүүд цоо шинэ, дараалсан дугаартай мөнгөн дэвсгэртүүд байсан. Энд хяналт тавихгүй юу?
-Иргэд арилжааны банкуудаас хүссэн хэмжээгээрээ дэвсгэртүүдийг авч болно. Түүнийг зарах гэж байна гэж шалгах эрхгүй. Авсан өгсөн нь ил учраас хууль хяналтын байгууллага шалгая гэвэл тодорхой байна.

-Хэрвээ үнэт цаасыг нь ашиглаж байгаа бол ямар зохицуулалт, арга хэмжээ авах вэ?
-Одоогоор тогтоосон, тогтсон зүйл алга. Яг юунд ашиглаад байгааг нь мэдэхгүй байна шүү дээ.

Эндээс багахан дүгнэлт хийж болохоор байна. Юу вэ гэвэл өнөөдөр ч үйлдвэрлэгдэж дотоодын зах зээлд нийлүүлэгдсээр байгаа Монгол төгрөг/жижиг эсвэл задгай дэвсгэрт/-ийг иргэд нь голж аль эрт хэрэглээнээс гаргажээ. Гэвч нийлүүлэлт байгаа учраас нөөц нэмэгдэж л таараа. Харин энэхүү нөөцлөгдсөн валютыг худалдааны байгууллага болон гадны улсад худалдаж ашиг олох гэсэн иргэд л ихээр сонирхож байна. Бид худалдан авалт хийх боломжгүй задгай төгрөгөөр яах юм бэ гэж ханддаг учраас л гадныхан бэлэг дурсгал болгон эргүүлэн бидэнд худалдаалж байна. Хэрвээ ашиглаад сурчихвал гадагшаа их хэмжээгээр нь гаргаж зараад байх тохиолдлууд буурах болов уу гэж харагдаж байгаа юм. Зөвхөн хариултанд авах бус худалдан авч буй бараа бүтээгдэхүүндээ задгай төгрөгөө шингээж сурвал энэ илүүдэл нөөц багасах боломжтой. Үүний дараа манай төгрөгийг гадныхан/хятадууд/ ашиглаад байна гэх хардлага ч багасах болно.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.