Нийслэлийн Онцгой комисс Жаргалант тосгонд ажиллалаа

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа. Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр тухай бүс нутагт очиж ажиллалаа. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос яаралтай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд гамшигт өртөж хохироод байгаа иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг хийж байна.

“Хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгонд үүссэн гамшгийн хохирлыг барагдуулах, сэргээн босгох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Улс, нийслэл, дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн сайн дурынхан, гэрээт цэргүүд, оршин суугчид хамтран ажиллаж байна. Хохирлын үнэлгээг тогтоох тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртсөн. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг. Худгууд үер буусан гол гудамжинд байрладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр хууль тогтоомжийн дагуу дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гардаг. Тиймээс УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байна” хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.


Нийслэлийн Онцгой комиссын гишүүн, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Жаргалант тосгонд нийслэл, дүүргийн Онцгой комисс хамтран ажиллаж байна. Сүүлийн хоёр өдрийн турш үерийн усаар хуралдсан лаг шаврыг арилгах, орон гэргүй болсон айлуудад гэр олгох, бохирдсон хөрсийг ариутгаж, цэвэрлэх гэх мэт ажлыг хийж байна. Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн хоршоологчид зэрэг олон байгууллага, хүмүүс гамшигт өртсөн иргэдэд туслаж, дэмжлэг үзүүлж буйд талархснаа илэрхийлмээр байна. Дүүргийн зүгээс шаардлагатай хөрөнгө, мөнгийг шийдвэрлэж, хуульд заасан үүргийнхээ дагуу иргэдтэйгээ хамтран сэргээн босголтын ажлыг хийж байна” хэмээв.

НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Гамшгийн дараах сэргээн босголтын ажил хийж байна. Олон айл хашаа хороо, гэр оронгүй болсон. Бид айл өрхүүдийн хашаа, хороог барьж босгож өгч байна. Мөн айлуудын жорлон дүүрсэн тул бүх талбайг ариутгах шаардлагатай байгаа. Үүнээс шалгаалан элдэв халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжлийн ариутгал, халдаргүйжүүлэлтийн бүлгээр тусгай зориулалтын ариутгалын бодисоор ариутгал хийлгэж, айл өрх бүрт хүрч ажиллаж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.