Дархан Кьдирали: Нүүдлийн соёл иргэншлээ хамтран судлах цаг ирлээ

“Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор Олон улсын “Түрэг” академийн ерөнхийлөгч Дархан Кьдиралиг урьж ярилцлаа.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу. “Түрэг” академийн ерөнхийлөгчөөр хэзээнээс ажиллаж байна вэ?

-Би түүхч мэргэжил­тэй. Энэ чиглэлээрээ олон улсын байгууллагад олон жил ажилласан.  Дөрвөн сарын өмнө “Түрэг” академийн ерөн­хийлөгчөөр томилогдсон.

-Олон улсын “Түрэг” академи манай улсын Шинжлэх ухааны академитай хамтарч ажиллахаар болсон. Танай академи ямар чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг вэ?

-“Түрэг” академи  2010 онд Казахстан Улсын  ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар байгуулагдсан. 2012 онд Түрэг хэлт ард түмний төрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар “Түрэг” академийг олон улсын байгууллага болгохоор тохиролцсон юм.

Тэр үеэс өнөөг хүртэл олон улсын статустай болох зорилгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин энэ жилээс олон улсын  хэмжээний байгууллага болж байна.

“Түрэг” академи бол түрэг хэлт угсаатан ард түмний өнгөрсөн түүх, өнөөгийн байдал, ирээдүйн тухай цогц судалгаа явуулдаг байгууллага. Тиймээс манай “Түрэг” академийн зорилго бол алтай язгуурын хэлнүүд түүнд багтдаг олон түрэг хэл аялгуунууд, монгол хэлний хамаарал, харилцааг шинжлэх ухааны үүднээс судлах юм. Мөн түүх, угсаатны зүй, археологи, түрэг хэлт ард түмний оюуны соёлыг судлах, шинжлэх юм.

Түрэг гаралтай ард түмний өлгий нутаг бол яах аргагүй  одоогийн  Монгол. Энд Хүннү, Түрэг угсаатны эртний  гэрэлт  хөшөө, бичгийн олон зуун дурсгал  бий. Өөрөөр хэлбэл, бидний уг гарал, соёлын үндсэн өв энд хадгалагдаж байна. Тиймээс нүүдэлчин соёл иргэншлийн төв нутагт, “Түрэг” академи Олон улсын байгуулага болсны  дараах анхны албан ёсны айлчлалыг хийж байгаадаа баяртай байна. Манай Түрэг угсаатан улсуудын өв соёл энд хадгалагдаж байгаатай адил, Монгол угсаатны өв соёл бас Казахстанд байгаа. Тиймээс манай Түрэг академи Монголын Шинжлэх ухааны академитай харилцан тэгш зам нээж хамтарч ажиллах бодолтой байна. “Түрэг” академийн айлчлалд түлхэц өгж гүн туслалцаа үзүүлсэн, найрсгаар угтан авсан  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шинжлэх ухааны академийн харъяа Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон, Түүхийн хүрээлэнгийн хамт олон, Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Элчин сайд Ж.Сүхээ, мөн Казахстан Улсаас Монгол Улсад суугаад Элчин сайд К.И.Кобландин, УИХ-ын гишүүн А.Баккей нарт талархал илэрхийлье.

-Хамтын ажиллгааны хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид үндсэндээ хоёр чиглэлд хамтран ажиллахаар тохирч, санамж бичигт гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшинтэй. Хоёрдугаарт, нүүдлийн соёл иргэншлийн олон улсын хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болсон. Казах,  Монгол ард түмний хооронд хамтын өв соёл их бий. Жишээлбэл, Хүннү, Хөх Түрэгийн үеийн соёл, Чингис хааны байгуулсан Их Монгол улсын түүх юм. Тэр дундаа Зүчи, Цагаадай, Өгөөдэйн үеийн өв соёл биднийг нэгтгэж байдаг. Бидний хамтын ажиллагааны зорилго бол өнөөгийн Монголд хадгалагдаж байгаа, уламжлагдаж ирсэн нүүдэлчдийн бүх соёлыг хамтарч эзэмшиж ЮНЕСКО-д албан ёсоор бүртгүүлэх юм.

-Түүх, археологийн салбарт анхаарал татаж байгаа ямар зүйлүүд байна?

-Нүүдэлчдийн өв соёл археологитой салшгүй холбоотой учраас, бид Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харъяа Археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Д.Цэвээндоржтой маш ойр хамтарч ажилллана. Мөн Түүхийн хүрээлэнгийн хамт олонтой уулзсан. Бид нүүдэлчдийн, түүний дотор түрэг, монгол угсаатны түүхийг хамтран бичих зорилготой. Бидний мах цусны тасархай шиг нэг зүйл бол хэл, ардын аман зохиол, гэрэлт хөшөө, бичгийн дурсгалууд, хадан дээрх сүг зураг юм. Энэ бүгдэд хамтран судалгаа явуулах, шинжлэх шаардлагатай учраас Хэл зохиолын хүрээлэнгийн дарга, профессор Л.Болдтой уулзаж хэрхэн ажиллах талаар ярьсан. Казахын төр, засгийг үндэслэгчид цөм Чингис хааны удам угсаатай. Энэ бол соёлын болоод улс төрийн түшиг,  үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Гэхдээ бид үнэн бодит мэдээллийг жинхэнэ мэргэжилтний хувьд судлаад гаргаж ирвэл Казахстан, Монголын найрамдалт холбоонд тулгуур болох юм.

-Түрэг судлалд Алтай хайрханы сэдэв чухал байр суурь эзэлдэг. Энэ талаар та юу хэлэх бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алтайн уулыг тахих үйл ажиллагаанд саяхан оролцсон. Алтай хайрхан бол хөх түрэг, монгол гаралтай эсгий туургатан нүүдэлчдийн хамгийн ээлтэй газар. Энэ хайрханд аж ахуйн болон соёлын их өв хадгалагдаж байдаг. Эсгий туургатан ард түмний ургийн бичээст бичигдсэн бараг бүх овог аймгууд  Казахстанд амьдарч байна. Энэ бол ард түмний гарал угсааг судлах том боломж. Тэдний соёлыг судлахад илүү дөхөм болох юм. Тухайлбал, Алтайн уулс, Орхоны хөндийгөөс хэрхэн нүүсэн, хаана амьдарсан зэргийг судлахад ойр болох учиртай. Хамтарсан судалгааны багт  Монгол Улсын эрдэм шинжилгээний дорвитой судалгаатай зургаан эрдэмтэн ажиллаж байна.

Монголд байгаа өв соёлыг  олон нийтэд таниулах, Казахстанд байгаа Түрэг гаралтай улсуудыг Монголд таниулах алтан гүүр бол Баян-Өлгий аймаг юм. “Түрэг” академийн судалгааны нэг салбар бол Баян-Өлгий аймагт байгаа казахууд. Мөн бид Тува, Урианхай аймгийн өв соёл, аман зохиол зэргийг судлах төлөвлөгөөтэй байгаа. Хоёр улсын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг орчуулан таниулах ажилд бас хүчээ нэгтгэн ажиллах бодолтой байна. Монгол-казах, казах-монгол толь бичгийг шинэчилж гаргах, Монголын ард түмний аман зохиолын шилдэг түүврийг казах хэлээр хэвлэн гаргана. Казахын ард түмний аман зохиолын шилдэг түүврийг монгол хэлээр гаргахаар зэхэж байна. Түүнчлэн “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, өнөөгийн зохиолчдын ном зохиолыг казак хэлээр, казахын өнөөгийн зохиолчдын бүтээлийг монгол хэлээр гаргах, хэвлүүлэх нь бидний ажлын нэг хэсэг юм.  

-Айлчлалынхаа хүрээнд Шинжлэх ухааны академийн харъяа гурван хүрээлэнтэй танилцсан гэсэн. Манай хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаад ямар сэтгэгдэл төрөв. Судалгаа шинжилгээ нь ямар төвшинд явж байна вэ?

- Монгол Улсын Шинжлэх ухааны академийн  харъяа хүрээлэнгүүд бол өнөөг хүртэл том том төслүүдийг дэлхийн хэмжээнд хийж судалгааны амжилт гаргаж дэлхий дахинд танигдсан. Тиймээс би үүний тухай дүгнэх цэгнэх арай эрт байна.  Монголын шинжлэх ухааныг дэлхий дахинд таниулсан их билгүүн мэргэд академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн,  Ш.Нацагдорж, Ш.Бира, Д.Цэрэнсодномын томоохон сургуулиуд байгааг бид сайн мэднэ.  Миний бие аман зохиол судлаач Д.Цэрэнсодном гуайтай тусгайлан уулзаж мэнд амрыг нь мэдэж, сургаал үгийг нь сонссон. Д.Цэрэнсодном гуай нүүдэлчдийн ардын эмнэлзүй, түрэг, монгол домог зүйн салбарт хамтран ажиллахаар зөвшөөрсөнд би ихэд талархаж байна.

-Казахстан Улсын шинжлэх ухааны салбарын сүүлийн үед хийж байгаа ажлаас сонирхмоор байна. Ямар салбарт түлхүү амжилт гаргаж байна вэ?

- Казахстан тусгаар тогтнолынхоо хувьд залуу улс боловч эртний соёлтой. Шинжлэх ухааны салбарт баялаг түүхтэй улс. Тухайлбал, хүмүүнлэгийн  шинжлэх ухааны салбарт гаргасан амжилтуудаас дурдмаар байна. Казахстаны ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжсэн “Соёлын өв” стратегийн цогцолбор хөтөлбөр бий. Үүнтэй холбоотойгоор соёлын бүхий л судалгаа шинжилгээг хэвлэн гаргасан. Академич С.Каскабасов тэргүүлэн казахын ардын аман зохиолын  “Бабалар сөзи-Дээдсиийн үгийн дээж” зуун боть ном гаргасан. Энэ товхимолд ардын аман зохиолын бүх төрөл зүйл  багтсан. Энэ бол бидний нэг томоохон ололт. Мөн хэл зохиолын хүрээлэнгээс казах хэлний 15 боть тайлбар толь гаргасан. Ийм баялаг толь бичиг дэлхий дахинд бараг байхгүй гэж ойлгодог. Археологийн салбарт томоохон ололт гарсан нь Казахстаны Алтай нутгаас МЭӨ VII-VIII зууны эртний нүүдэлчдийн  үеийн алтаар хучсан язгууртны  цогцос болон морьдын тоноглол олдсон. Энэ бол дэлхий дахинд хосгүй алдартай нээлтүүдийн нэг. Мөн Казахстаны “Зайсан” нуурын “Шиликти” гэх газраас “алтан хүн” олдсон. Түүнчлэн Казакстаны Караганда мужаас эртний нүүдэлчдийн зэр зэвсэг, алтадсан хувцас хэрэглэл олдсон. Мөн гадаадын музей, архивт хадгалагдаж байгаа  5000 гаруй эх сурвалж бичгийн материалуудыг манай эрдэмтэд илрүүлэн авчирсан. Казахстаны нутагт буй 3000 гаруй соёлын өвийн дурсгалуудыг  сэргээн засварласан. Казахын  ардын дуу хөгжмийн бүтээлүүдээс мянган соёлын өвийг хуурцагт буулгаж, нотод оруулсан. Энэ бол зөвхөн соёлын нэгээхэн хэсэг нь юм.

-Манай эрдэмтэд гадны эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж судалгаа шинжилгээ хийх нь элбэг байдаг. Тэгэхээр танай Казахстаны шинжлэх ухааны салбарт Монгол эрдэмтэд ажиллаж байна уу?

-“Түрэг” академид Монгол эрдэмтэд ажиллаж байгаа. Жишээлбэл, зүүн, баруун Түрэгийн хаант улсын түүх-соёлын судалгаанд Д.Цэвээндорж,  Б.Батсүрэн, Л.Билэгт нар ажиллаж байна. Шинжлэх ухааны академийн харъяа Баян-Өлгий аймгийн түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Г.Золбаяр, Б.Өмирбек зэрэг эрдэмтэд Монголд байгаа  түрэг гаралтай овгуудын талаар судалгаа хийж байна. Цаашид зарим хүрээлэнг идэвхтэй оролцож ажиллах боломжтой. Бид шилдэг эрдэмтдийн бүтээл, зохиолыг манай академийн харъяа сонин сэтгүүлд өгч хэвлүүлэн гаргах, хамтран  идэвхтэй ажиллахыг уриалж байна.

-Казахстан, Монгол эрдэмтдийн хамтын бүтээлүүд бий юу?

-Монголын археологич Д.Цэвээндорж, Д.Баярын бүтээлүүд казах, орос хэлээр хэвлэгдсэн. Казахын археологич Зайнолла Самашевтэй хамтрсан  Казах-Монгол түүх соёлын хамтарсан экспедицийн эрдэм шинжилгээний бүтээлүүд удахгүй хэвлэгдэнэ.  Казахстанд нүүж очсон Монголын сэхээтнүүд болон Баян-Өлгийн казахууд монгол хэлтэй, Монголын өв соёлоо мэддэг учраас тэд эхэлж бүтээл туурвил хийж эхэлсэн. Доктор Авилтайын Минис, Бухатын Базилхан, Султаны Магауия, Калиасхарын Кабидаш, Кабышийн Ислам, Таукейн Султан зэрэг буурал эрдэмтэд их юм бүтээсэн.  Мөн түүнчлэн  Кинаят Зардихан, Кинаят Бабакумар, Сарткожа Каржаубай, Мухамадийн Курметхан, Маулитийн Зулкафиль, Хамайн Жукель, Базилханы Напил, Хатран Досымбек, Тойшаны Акедил, Болатын Алтынгул нар Монголын түүх соёл, өв уламжлал, археологи, түрэг, монгол бичиг, сэтгүүлзүй, дорно дахины соёлын судалгааны  чиглэлээр бүтээл туурвиж байна.

-Судалгаа шинжилгээний ажил хийхэд  хөрөнгө санхүү, тоног төхөөрөмж чухал гэдэг. Танай улсын зүгээс шинжлэх ухааны салбартаа хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

-“Түрэг” академийг дөрвөн улсын ерөнхийлөгч, дөрвөн улсын төр засгаас санхүүжүүлдэг. Үүнийг анхлан санаачилсан хүн бол Казахстан улсын ерөнхийлөгч. Тиймээс энэ асуудалд түлхүү анхаарч ажилладаг.Шинжлэх ухааны академийн судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд багаж техник хэрэгсэлээр бүрэн хангагдсан. Үүний нэг жишээ бол Астана хотын Назарбаевын их сургууль юм. Тус сургуульд олон улсын жишигт нийцсэн эрдэм шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд  бүрэн хангагдсан байдаг.

-Та манай улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд  Хархорум хотод очсон. Ямар мэдрэмж төрөв?

-Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны амьдарч байсан өргөөг өөрийн биеэр үзэж гараараа  барина гэдэг хувь хүний хувьд ч академичийн хувьд ч гэсэн маш гайхамшигтай. Монгол Улсын төвд Орхоны хөндийд   Күлтегин, Билэгт хааны, мөн  мэргэн Тоникукын  гэрэлт хөшөөнүүд бий. Тэр хөшөөнд “Эв эеийг хичээгээрэй” гэсэн байдаг. Энэ бол бидэнд түүхэн сургамж бөгөөд өнөөгийн гол бодлого байх естой. Бид хамтран ажиллах гэж байгаа нь өвөг дээдсийн гэрээсийг биелүүлж байгаа хэрэг юм. Мөн “Эрдэнэзуу” хийдэд хадгалагдаж  байгаа Бурхан буддагийн дүр болон бусад зураг, хөргүүд бол соёлын өв. Соёл хэзээ ч мөхөшгүй гэдгийг харуулж байгаа том баталгаа. Энэ түүх соёл уламжлалыг өнөөг хүртэл хадгалж, хамгаалж ирсэн Монголын төр, засагт талархаж байна.

Э.ОРХОНСҮРЭН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жалайрд 2014-12-10 16:10:06
    Казахууд ихэрхэлгүй ах дүүсээ мэдэж явбал их л сайнсан. Бид нэг угсаа гаралтай ард түмэнүүд. Баруун тийш нүүсэн нүүдэлчид дундад ази кипчакийн нөлөө их орсон.
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-14 09:07:13
    Зүйтэй л ажил байна.
    202.170.68.130
    Мэдэгдсэн Хариулах