АНУ-ын төв банк хоёр дахь их хямралаас  сэргийлсэн түүх
Банк санхүүгийн салбар нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, зээлийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас тус салбарын уналт нь эдийн засгийг гүн хямралд оруулах, хөрөнгө оруулалтыг хаах, ажилгүйдлийн түвшнийг нэмэгдүүлэх зэрэг томоохон сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг.
Төв банк бодлогоороо дамжуулан банкны системийг тогтворжуулах, эрүүлжүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн амьжиргааг сайжруулах, бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг эдийн засагт өндөр ач холбогдолтой.  

АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангаас хэрэгжүүлсэн “TARP” хөтөлбөр нь эдийн засагт төрийн оролцоо хэрэггүй гэсэн онолыг няцаасан олон жишээний нэг нь юм.

Одоогоос 7 жилийн өмнө буюу 2008 онд дэлхийн хүчирхэг гүрэн АНУ сарын дотор 800-аад мянган ажлын байраа алдаж, өрхийн орлого 17 хувиар унасан. Энэ нь 1929 онд эхэлсэн Их хямралаас тав дахин муу үзүүлэлт байсан юм.

Энэхүү нөхцөл байдлын суурь шалтгаан нь санхүүгийн салбар байсан бөгөөд үүнийг АНУ-ын хоёр дахь “Их хямрал” гэж нэрлэх хүмүүс ч байлаа. Банк санхүүгийн байгууллагууд нь чанаргүй зээлдээ дарлагдаж, санхүүгийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарсан байв. Кредит карт, оюутны зээл, моргейж, авто машины зээл, жижиг дунд бизнесийн зээл болон бусад төрлийн зээлийг санхүүжүүлж буй Зээлийн зах зээлийн үйл ажиллагаа зогсож голлох бүх санхүүгийн байгууллагууд хүндрэлтэй байдалд орсон юм.

Ийнхүү санхүүгийн хүндрэлд хөлөө тушуулж, аргаа барах нь хүчирхэг гүрнийг ч сүйрэлд хүргэх боломжтой юм. Харин тухайн тохиолдолд Засгийн газар, төв банкнаас авч хэрэгжүүлсэн амжилттай болон амжилтгүй бодлогоос улс орнууд суралцаж, туршлага хуримтлуулах нь чухал юм.

Холбооны улсын Засгийн газар, Холбооны нөөцийн сан, Холбооны хадгаламжийн даатгалын корпораци болон бусад агентлагуудаас улсын санхүүгийн системийн уналт болон хэрэглэгчид, бизнесүүд, нийт эдийн засагт үзүүлэх аюулаас сэргийлэх яаралтай арга хэмжээнүүдийг 2007 оноос эхлэн авч хэрэгжүүлсэн юм. Гэсэн хэдий ч хурцадмал нөхцөл байдал нь илүү хүчтэй бодлого, нэмэлт эх үүсвэрийг шаардаж байсан.

Ингээд ерөнхийлөгч Буш “Эдийн засгийг яаралтай тогтворжуулах акт (EESA) ”-ийг Конгресст өргөн барьж,  2008 оны 10 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан. Тус актын зорилго нь TARP (Хүндрэлтэй активын тусламжийн хөтөлбөр) болон бусад арга хэрэгслүүдийн хүрээнд санхүүгийн системийн тогтвортой байдал, төлбөрийн чадварыг хангах байсан юм.

 TARP-ийн хүрээнд Конгресс 700 тэрбум ам.долларыг зарцуулахаар баталсан бөгөөд батлагдсан хэмжээнээс 434.1 тэрбум ам.долларыг Холбооны нөөцийн сангаас санхүүжүүлжээ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийтдээ 34.5 тэрбум ам.долларын зардал гарсан бөгөөд үүний ихэнх хувь нь өрхүүдийн барьцаа хөрөнгийг хамгаалахад зарцуулагдсан байна.

“TARP” хөтөлбөр нь Автомашины хөтөлбөр, Банкны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Зээлийн зах зээлийн хөтөлбөр, Орон сууц, AIG-ийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн үндсэн 5 дэд хөтөлбөртэй. Үүнээс Банкны хөрөнгө оруулалтын дэд хөтөлбөр нь АНУ-ын банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрт 250 тэрбум ам.доллар төсөвлөгдсөн нь нийт “TARP”-ын нийт төсвийн  36 хувь буюу нэлээд өндөр хувийг эзэлж байсан. Холбооны нөөцийн сангаас Банкны хөрөнгө оруулалтын дэд хөтөлбөрт 245.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2011 оны 3 дугаар сараас эхлэн банкуудын эргэн төлөлтийн хэмжээ нь хөрөнгө оруулсан хэмжээнээс давж эхэлсэн юм.

Үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийн хэмжээ 2016 оны 10 сарын 31-ны байдлаар 275.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 30.1 тэрбум ам.долларын цэвэр ашгийг өгсөн байна. “TARP”-ийн Банкны хөрөнгө оруулалтын дэд хөтөлбөр нь гол зорилго болох банкны системийн тогтвортой байдлыг хангахад амжилт олсноос гадна татвар төлөгчдийн хөрөнгийг мөн өсгөсөн юм. Тус дэд хөтөлбөр нь бусад “TARP”-ийн хүрээний хөтөлбөрүүдээс хамгийн ашигтай бөгөөд амжилттай хэрэгжсэн хөтөлбөр байсан.

Америкийн иргэд татвар төлөгчдийн мөнгийг хэдхэн банкны ашиг сонирхлын төлөө зарцуулж байгаа гэж үзэн ихэд дургүй байсан боловч TARP хөтөлбөрийг олон эдийн засагчид амжилттай болсон гэж дүгнэсэн. “TARP”-ийн нийт 5 дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 434.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд нийт эргэн төлөлт нь 442 тэрбум ам доллар буюу 1.8 хувийн ашиг олсон байна.

Төв банкнаас татвар төлөгчдийн мөнгөөр банкны салбарыг дэмжихийг иргэд эсэргүүцэж байсан боловч эцсийн дүндээ татвар төлөгчид хожсон байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хямралыг даван туулж эдийн засгийг тогтворжуулж чадсан эсэхийг статистик үзүүлэлтүүд харуулж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт 2008, 2009 онд харгалзан -0.3%, -2.8% байсан бол 2010, 2012 онуудад 2.5%, 1.6% болж эдийн засаг тогтворжсон байна. Мөн хямралын үеийн нөлөөгөөр 2009, 2010 онд ажилгүйдлийн түвшин 9 хувь давсан бөгөөд аажмаар бууран 2015 онд 5.3 хувьд хүрсэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2023-02-23 17:14:14
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)