Гал түймэр унтраахад идэвх санаачилгатай ажилласан иргэдэд талархал гардуулав
Ерөнхийлөгч Х.Баттулга  эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.

Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм. Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан зохион байгуулах зөв менежмент, чиглүүлэх арга зам хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо.

Уулзалтад  гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн  төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтад хүрэлцэн ирсэн “Шавь” цогцолбор сургуулийн 2Е ангийн сурагч А.Анударьд Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хандаж, анги хамт олондоо өөрийнх нь талархлыг дамжуулахыг хүслээ.  Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн аюул тулгарахад сайн дураараа эвлэлдэн нэгдэж түймэр унтраах үйл ажиллагаанд оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүлж байгааг ОБЕГ-аар дамжуулан хүн нэг бүрт хүргүүлэх юм. Өнөөдөр төлөөлөл болон зөвлөлдөх уулзалтад ирсэн иргэдэд уг талархлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын дансанд нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна. Үүний дотор "Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл"-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад ажиллаж амьдарч буй  монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг  гардуулан өгсөн байна.

Гэвч түймрийн аюул хараахан намжаагүй байна. Наймдугаар сарын 2-ны өдрийн буюу өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 14 газар түймэртэй байгаагийн 9 нь Сэлэнгэ аймагт, 3 нь Булган аймагт, Хөвсгөл, Завхан аймагт тус бүр нэг түймэр асч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ОБЕГ, холбогдох байгуулагуудаас нэмэлт хүн, хүч илгээж байгаа юм байна. Ой хээрийн түймрийн аюул ийнхүү буурахгүй байгаад хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч ихээхэн нөлөөлж байгаа юм. Нийт гарсан гал түймрийн 70 гаруй хувь нь хүний үйлдэл, анхаарал, болгоомжгүйгээс үүдэн үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тухай үед нь тогтоосон билээ гэж Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.