ОУВС-ийн төлөөлөгчид хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэв
ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн 2017 оны тавдугаар  сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.  Гурван жилийн хугацаатай хэрэгжих, улирал тутам үнэлгээ хийгдэх тус хөтөлбөрийн эхний үе шатны үнэлгээг хийх ОУВС-ийн Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийжээ.
 
Хэдхэн хоногийн өмнө ОУВС-ийн төлөөлөгч Коши Матай хэлэхдээ дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн сайхан үр дүнд хүрч байна.Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг хэдий ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байсан юм.
 
Тэгвэл Монгол улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дүгнэлтдээ ч үүнийгээ дурджээ. Тухайлбал, Коши Матайгаар ахлуулсан ОУВС-ийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу 434.3 сая ам. долларын зээл олгогдох юм.
 
Айлчлалыг дүгнэж ажлын хэсгийн ахлагч ноён Матай дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:“Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч, ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсний ачаар ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна. Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтанд байлгасны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн биелж гарлаа.

Давж биелсэн орлогын дүнгийн тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр, зээллэгийн хэмжээг бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах болно. Үлдэх хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ өссөн нь экспортын орлого нэмэгдэж, засгийн газрын үнэт цаасны зах зээлд гаднаас хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбоотой юм. Эрх баригчид дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглэгдсэн бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж эхлээд байна. Банкны системийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Активын чанарын үнэлгээг удахгүй эхлүүлнэ.
 
Эрхзүйн чухал өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах ажил хийгдэж, зохицуулалт, хяналтын шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Төсвийн тал дээр татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай явагдаж байна. Мөн төсвийн зөвлөлийг байгуулна. Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг эргэн харж байна. Уг хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн. Эрх баригчид болон ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээн дээр ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулж батлуулах ёстой. Захирлуудын зөвлөл энэ оны 9-р сарын сүүлээр хуралдаж, эхний шатны энэхүү үнэлгээг эцэслэхээр төлөвлөж байна. Ингэснээр 27.9560 сая ЗТЭ буюу 37.82 сая ам. долларын дараагийн санхүүжилт олгогдоно” гэлээ.
 
Ямартай ч гурван жил хэрэгжих уг хөтөлбөрийн эхний улирлаар манай улс  сайн гэсэн үнэлгээг авч чадлаа. Гэвч дээр дурдсанчлан  ОУВС-ийн төлөөлөгчид төсвийн  сахилга баттай байхыг ахин, дахин сануулсаар байгаа. Магадгүй энэ нь өнгөрсөн сард явагдсан Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өмнө нэр дэвшигчид иргэдэд мөнгө амлаж, ОУВС-ийн хамгийн эхний нөхцөл болох хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох заалтыг зөрчиж, хүүхэд бүрт мөнгө олгосон нь нөлөөлсөн болов уу.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2017-08-03 07:44:56
    хүүхдийн мөнгө олгосон нь МАН -д хамгийн их хэрэг болноо . ямарч байсан хүүхдийн мөнгийг л хасаж болохгүй шүү
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin  2017-08-03 06:08:08
    mongoliin baigaliin baylagaar baritsaalj mongo hyylegcnid
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах