Би аавдаа хайртай
Бага байхад аав духан дээр минь яльгүй тамхины бохь үнэртүүлсэн уруулаараа үнсэж, үнэрлэдэг байж билээ. Тэр л үнэр, тэр л мэдрэмж одоо үе үе санаанд минь ордог. Насан өндөр болсон болохоор аавыгаа улам л хүүхдэрхүү зантай болж байгааг нь анзаардаг. Эсрэгээрээ би одоо аавынхаа буурал толгойг тэвэрч үнсдэг. Сайхан мэдрэмж төрдөг. “Хэзээ нэгэн цагт энэ мэдрэмжийг мэдрэх боломжгүй болно шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй хамар шархирдаг. Аав минь хар нялх цагаас минь надад олон олон үнэт дурсамжийг үлдээсэн. Хамгийн гайхалтай нь би ааваасаа эр зориг, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх ёстой гэсэн хөдөлмөрч зан, нягт нямбай байдал, мөнгөнд хандах хандлага гээд л амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийг сурсан. Бас хүний  мөс чанар, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй байхад суралцсан.

Аав минь социализмыг бүтээн байгуулалцаад завгүй байсан ч гэсэн яаж ийгээд оройн цагаар бидэнд үлгэр ярьж өгнө, уншсан номноосоо сонирхолтой хэсгийг ярих, хүүхэлдэйн киног камераар үзүүлдэг байлаа. Бас  түлээ хөрөөдөж бэлдэх, ус зөөх, гадна хашаа хороогоо цэвэрлэх зэрэг ажил хөдөлмөрийг хамтдаа хийдэг байсан. Үлгэр домог ярьж өгч энэрэнгүй, бусдыг хайрлах, хүн чанар ёс суртахуунд сургаж, хамдаа ажил хөдөлмөр хийж хөдөлмөрч чанарт сургаж байжээ. Зарим үед бүтэлгүйтэн  үеийн хүүхдүүдтэй муудалцан уйлсаар орж ирэхэд хэзээ ч намайг шууд өмөөрч байсангүй, харин юунд буруу байсныг ухааруулан хэлж өгдөг байлаа.

Аав хүн, хүүхдийнхээ хүмүүжилд 80 хувийн нөлөө үзүүлдэг болохыг аль хэдийн судлаачид тогтоосон. Үр хүүхдүүдээ хайрлан, ханиа халамжлан амьдарч байгаа залуу сайхан аавууд олон байгаа ч зарим талаар дутагдалтай аавууд ч байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй санагдна. Үр хүүхдүүдээ эрүүл бие бялдар, саруул оюун ухаантай, сэтгэлийн тэнхээтэй сайн хүн болоосой гэж хүн бүр боддог бас хүсдэг. Гэтэл эр хүний, эцэг хүний үүрэг хариуцлага ямар өндөр болохыг мэдсээр байж үйл хөдлөл, үг хэлээ хянаж, ирээдүйн иргэдийг бэлтгэж байгаагаа анхаарах цаг болсон байна. “Эр хүн шиг бай” гэж бид ярьдаг. Тэгэхээр эр хүн гэдэг ямар мундаг үлгэр дуурайлал болохыг харж болох юм. Ингээд аавууддаа дараах хэдэн санамжийг хүргэе.

•    Хүүхдүүдийнхээ хажууд байхдаа “Би ямар байна хүүхэд маань ийм л болно” гэдгийг үргэлж санаж байгаарай.

•    Хамт байх цаг мөчийг чанартай өнгөрүүлж байгаарай. Хамт тоглох, ном унших, үлгэр ярьж өгөх гэх мэтийн энгийн үйлдлүүд хамгийн чухал болохыг санаарай.

•    Хамтдаа ямар нэгэн бүтээлч зүйлийг хийж байгаарай. Хүүхэд тань хөдөлмөрт дурлах болно.

•    Ухаалаг утас, телевизор, компьютерээс хол байлгаж, байгаль эх дэлхийтэйгээ харилцаж сурахад нь үлгэр дуурайлал үзүүлээрэй. Хүссэн хүсээгүй тэр “ухаалаг” бүхнийг амьдрал өөрөө сургаад өгдөг. 

Эцэст нь хэлэхэд сайн аавтай байснаараа би үргэлж сэтгэл дүүрэн, бахархалтай амьдардаг. Миний амьдралын бүхий л амжилтуудын суурийг тавьж өгсөн аавдаа би хайртай.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.