Францад тэргүүн хатагтай хэрэгтэй юу
-Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижитэд тэргүүн хатагтай гэсэн албан ёсны статус олгох ёсгүй гэж 200 иргэн өргөдөлд гарын үсэг зуржээ-
 

“Төрийн тэргүүний гэргийд олон нийтийн төсвөөс яагаад зарцуулах хэрэгтэй гэж” хэмээн өргөдлийг санаачлагч, жүжигчин, олон нийтийн тэгш байдлын хөдөлгөөний идэвхтэн Тьерри Пол Валетт мэдэгдэж байна. Үүний зэрэгцээ Францын хэвлэл мэдээллээр тус улсын засаг захиргаа Францын тэргүүн хатагтайн үүргийг албан ёсны болгох хуулийн өөрчлөлтөд бэлтгэж байна.

Францын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн гэргийд Елисейн ордонд ажлын өрөө, 1-2 туслах, хамгаалагч гаргаж өгдөг ч албан ёсны статус олгодоггүй аж. Хэдий тийм боловч гэргий нь нөхрөө албан ёсны үйл ажиллагаанд дагалдан явж, сайн үйлс бүтээх үүрэгтэй.
 

Тэргүүн хатагтайн үүргийг хуульчилна

 

Макрон сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр телевизийн ярилцлагад орохдоо өөрийг нь сонгох юм бол тэргүүн хатагтайн статусыг хуульчилна гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр “Эхнэрийнхээ саналыг харгалзан үзнэ. Би Францын энэхүү хувиа хичээсэн байдалд цэг тавихыг хүсч байна. Эхнэртэй л бол тэр нь өөрийн гэсэн үүрэгтэй байх ёстой. Тэрхүү үүргийг нь хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн TF1 теле компанийн эфирээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьжээ. Тухайн үед Макрон тэргүүн хатагтайн зардлыг татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэхгүй гэж амлаж байв.



Танил талаа татдаг тухай маргаан


Макрон сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэрээ танил талаа татдаг байдлыг үндсээр нь арилгана гэж амлаж байлаа. Түүний өрсөлдөгч, консерватив улстөрч Франсуа Фийон эхнэрээ төсвийн мөнгөөр цалинжуулж байсан тухай дуулианд хутгалдсан. Олон хүн энэ дуулианаас болж түүний Ерөнхийлөгч болох зам хаагдсан гэж үздэг.

Фийоны эхнэрийг хэдэн зуун мянган евро авсан ч энэ мөнгөндөө тохирсон ажил хийж байгаагүй гэж баталдаг билээ. Энэ түүхээс сургамж авсан Макрон улстөрчдийг төрөл төрөгсдөө ажилд хөлсөлж авдгийг хориглоно гэж амласан байна.
 

Хаа ч дутдаггүй Брижит

 

Брижит Макроныг Францад төдийгүй дэлхий дахин ажиглан харж байна. Тийм ч учраас Францын “Liberation” сонин түүнийг “хаа ч дутдаггүй” хэмээн нэрлэжээ. “Voici” сэтгүүл л гэхэд “Францчууд уг нь эрэгтэй хүнийг сонгосон юм. Гэвч Елисейн ордонд яалт ч үгүй нэг хос амьдарч байгаа шүү дээ” хэмээн бичжээ.

Үнэхээр ч нөхөр нь тавдугаар сард сонгуульд ялсны дараа түүнийг тайзан дээр гарч ирэхэд хүмүүс “Брижит! Брижит! Брижит!” хэмээн хашхиралдаж байсан билээ. Тэр ч бүү хэл Брижитийн зурагтай майк загварын сэтгүүлүүдээр гарч байв.

Гэсэн хэдий ч түүнийг нөхрөөсөө 24 эгч гэдэг асуудлаар хүмүүс маш их гутаан доромжилж байлаа. Тьерри Пол Валеттын хувьд гаргасан өргөдөлдөө Ерөнхийлөгчийн эхнэрийг шүүмжилсэн нь хувийн шинж чанартай биш гэдгээ хатуу мэдэгджээ. “Бид Брижит Макронд дээрэнгүй үзэл гаргаж халдахыг эрс эсэргүүцэх бөгөөд түүний авьяас чадварт эргэлзээгүй” гэж бичжээ.

 

Албан ёсны статус юуг өөрчлөх вэ?

 

Францын хэвлэлүүдэд бичиж буйгаар албан бус тэргүүн хатагтай долоо хоногт 150 орчим захидал хүлээн авдаг байна. Харин тэрбээр хэлтэс, албадтай болсноор шуудан, захидлын асуудлаа цэгцэлж чадах гэнэ. Түүнд зориулан хэдий хэмжээний цалин, төсөв төлөвлөөд байгаа нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч тэр ажилчдын цалин, төлөөлөгчдийн зардал гээд нэмэлт мөнгө авах нь ойлгомжтой билээ. Мэдээж ийм алба хэлтэс байгуулахын давуу тал нь шинэ ажлын байр бий болж байгаа юм.

Брижит Макрон “Vanity Fair” сэтгүүлд мэдэгдэхдээ нөхрийнхөө Ерөнхийлөгч байх үеийг ашиглаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн амьдралыг өөрчлөхийг хүсч явдгаа ярьсан байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Эммануэль Макроны нэр хүнд унасаар байна. Саяхан явуулсан санал асуулгаас харахад сонгогчдын ердөө 36 хувь нь л түүний хийж буй ажилд сэтгэл хангалуун байгаа аж. Харин бусад нь Макроны хосыг Америк загварыг хуулбарлах оролдлого хийж, Мишель Обамаг дууриах гэж байна гэж буруутгах болжээ.

 

Юу өөрчлөгдсөн бэ?

 

“Шинэлэг зүйл үгүй учраас ямар ч утгагүй” хэмээн улстөр судлаач Оливье Рокин RMC радиод өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний баталж буйгаар Брижит Макрон өмнөх Ерөнхийлөгчдийн гэргий нараас ялгарах онцгой зүйл байхгүй гэнэ. Үүнд тэрбээр Ивонн Де Голль, Клод Помпида зэрэг олон нийтийн анхаарлын төвд багтдаг байсан Ерөнхийлөгчдийн гэргий нарыг дурджээ. “Тэргүүн хатагтайн статусыг хуульчилна гэдгийг би ойлгохгүй юм. Энэ бол ардчилсан үзэгдэл биш шүү дээ. Бид Ерөнхийлөгч хосыг сонгоогүй” хэмээжээ.

Францын өмнөх Ерөнхийлөгчдийн эхнэрүүдийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэхэд Брижит Макроны өмнөх тэргүүн хатагтай болох сэтгүүлч Валери Триервейлер Ерөнхийлөгч асан Франсуа Олландтай албан ёсоор гэрлээгүй байсан юм. Тэд амрагийн харилцаатай байсан ч Олландыг Ерөнхийлөгч байх үед нь салж, хожим нь Триервейлер түүний тухай дурсамж бичсэн байдаг.

Олландаас өмнөх Ерөнхийлөгч Николя Саркози хоёр ч “тэргүүн хатагтай”-тай байв. Саркози Ерөнхийлөгч болсныхоо дараахан анхны эхнэр Сесилиягаас салсан. Дараа нь тэрбээр дуучин Карла Брунитай уулздаг болж, Бруни ч 2010 онд “Forbes” сэтгүүлээс зарладаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 эмэгтэйн жагсаалтад багтаж байв.

Макроны эхнэртэйгээ учраад 20 гаруй жил, гэрлээд 10 жил болж байгаа юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.