Шинэ улирлын анхны эль класикод Реал илүүрхэв
Европын хөлбөмбөгийн лигүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлэв. Английн премьер лиг хамгийн түрүүлж, өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө Испанийн хоёр шилдэг баг шинэ улирлын хамгийн эхний тоглолтоо хийлээ. Испанийн супер цомын тэмцээний хүрээнд  болсон эхний тоглолт Барселонагийн алдарт Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд явагдсан.

Барсагийн хувьд довтолгооны их гурвалын нэг болох Неймарыг энэ зуны солилцооны цонхоор ПСЖ-рүү явуулсан. Түүний орон зайг нөхөж, шинэ улирлыг гол өрсөлдөгчөө хожсоноор эхлүүлэх үү гэдэг  хүлээлт хөлбөмбөг сонирхогчдын дунд байсан. Улмаар хоёр багийн тоглолт эхэлж, нэгдүгээр үед Барсагийнхан бөмбөг илүү эзэмшиж, тэр хэрээр довтолж байлаа. Гэвч тэд өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадаагүй.

Тоглолтын хоёрдугаар үед бүх зүйл орвонгоороо эргэж, Реалынхан   айлын талбайд илүүрхэж эхлэв. Ингээд 49 дэх минутад Иско Аларконы дамжуулалтыг Марсело хөндлөн дамжуулалт болгоход цэвэрлэх гэж байгаад Жерард Пикуэ өөрийн хаалганд орууллаа. 57 дахь минутад К.Роналдо сэлгээгээр орж ирэв. 76 дахь минутад Суарез 16-гийн шугаман дотор жүжиглэж, унан торгуулын цохилт авчирсан. Үүнийг  Месси амжилттай ашиглаж, тоог тэнцүүлсэн.

Гэвч Реалынхан үргэлжлүүлэн довтолсоор байсан бөгөөд 80 дахь минутанд  К.Роналдо сөрөг довтолгооны төгсгөлийг амжилттай хийж, Реал дахин тэргүүлж эхлэв. Тэрбээр гоолын баяраа цамцаа тайлж, тэмдэглэсэн тул шар хуудсаар торгуулсан. Төд удалгүй 82 дахь минутад К.Роналдо 16-гийн шугаман дотор унав. Шүүгч түүнийг жүжиглэсэн хэмээн үзэж хоёр дахь шар хуудсыг өгсөнөөр тэрбээр талбайгаас  хөөгдөв.

Нэг хүний дутуу үлдсэн  байдлыг Барсагийнхан ашиглахаар улайрч байсан ч 90 дэх минутад сөрөг довтолгоо алдаж, үүнийг Марко Асенсио амжилттай болгож, тооны харьцааг 3:1 болгосноор шинэ улирлын анхны Эль класикод эзэн хааны  багийнхан илүүрхлээ. Испанийн супер цомын хүрээнд явагдсан тус тоглолтын хариу тоглолт энэ сарын 17 нд Сантиаго Бернабоу цэнгэлдэхэд болно.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.