Сүхбаатар дүүргийн прокурорын газар гэмт хэргийн шинжтэй 5065 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурор албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь анх нийслэл Улаанбаатар хотыг районы зохион байгуулалтанд шилжүүлсэнтэй холбогдуулан 1965 онд байгуулагдан 1992 он хүртэл Сүхбаатарын районы прокурорын газар нэртэйгээр районы прокурор, хоёр туслах прокурор, нарийн бичгийн даргатай байгуулагдан Үйлдвэр хоршооллын 48 айлын орон сууцны нэг давхрын дөрвөн өрөө байранд ажлаа явуулж байжээ. Эдүгээ тус прокурорын газар нь 27 прокурор, 22 ажилтантайгаар хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын түүхт ойн баярын өдөр тохиож буй юм.  Прокурорын байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу чин шударгаар ажиллаж байсан үе үеийн ахмад прокурорууд болон одоо ажиллаж байгаа нийт прокурор, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагууддаа "Прокурорын албаны өдөр”-ийн мэндийг хүргэж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 5065 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан бөгөөд 1478 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 3231 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, харьяаллаар 47 гомдол, мэдээллийг шилжүүлэн тус тус шийдвэрлэжээ. Мөн хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2616 хэрэгт хяналт тавьж ажилласан ба үүнээс хөнгөн хэрэг 1164, хүндэвтэр 1079, хүнд 213, онц хүнд 160 хэрэг байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.