Мэдээллийн технологийн чиглэлээр үнэгүй сургалтад суусан залуус БНСУ-ыг зорино

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилттэй Эм Кэй Ай Ти  /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг билээ. Сургалтыг төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгон ажиллаж байна. Энэ сарын 22-нд  тус төвөөр дамжсан дөрвөн залуу сурсан мэргэжлээрээ мэдээллийн технологийн компанид ажиллахаар Солонгос улсыг зорихоор боллоо.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой хобби клубуудыг дэмжих, залуучуудыг мэдээллийн технологи болон гадаад хэлэнд мэргэшүүлэх, гарааны бизнесийг дэмжих оффис, компьютер интернет үйлчилгээгээр үнэ төлбөргүй ханган ажиллаж байна. Манай сургалтын төвд суралцсан залуучууд БНСУ-ын найман  аж ахуйн нэгжийн аутсорсинг захиалгыг тогтвортой гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Тухайлбал, наймдугаар сарын 22-нд БНСУ-руу дөрвөн суралцагч маань мэдээллийн технологийн чиглэлээр 3 сарын хугацаанд дадлагажигчаар  явна.  Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвд Програмчиллын ангийг амжилттай төгсөгч Л.Бадрал,  Г.Бат нар “ХҮИЗ” Холдинг компанид, Д.Сайнзаяа, Н.Нямбаяр нар нь “МИКА” ХК-д  ажиллах юм.

Монгол Улсын ирээдүйг мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжил авч явах тул залуучуудаа жава, веб хөгжүүлэгч, веб дизайн, веб админстратор, /JAVA, Web designer, Web developer, Web administrator/ зэрэг 1-3 сарын хугацаатай сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна. 

Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжин шалгалтын хураамжийг Бизнес Инкубатор Төвөөс гаргахаас гадна тус төвд бүртгэгдэн амжилттай ажиллаж байгаа залуучуудад  сар бүр 440,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Энэхүү төслийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилтээр Эм Кэй Ай Ти /MKIT/  сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд БНСУ-ын мэдээллийн технологийн хэд хэдэн аж ахуйн нэгжүүд тус төслийг дэмждэг.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь залуучуудыг дэмжин хөгжүүлэх бүхий боломжийг бүрдүүлэх, бидэнд хязгааргүй нөөцтэй мэдээллийн технологийн салбар нээлттэй байгаа гэдгийг залуучууддаа ойлгуулах, боломж бололцоог нь нээх чиглэлээр ажиллаж байна. Бүх сургалтууд нь үнэ төлбөргүй явагддаг. Одоо залуучууд маань хичээх л үлдлээ. Манай төвд ирэхийг урьж байна” гэв.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ цахим хаяг, 7012-2999, 89017101 дугаараас тодруулна уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.