Зээлийн хүүг 19 хувиас 9 хувь болгон бууруулах боломжтой
Монголын эдийн засгийн ухааны нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, судлаачид болон Голомт банкны эдийн засагч, шинжээчид, олон улсын эдийн засгийн салбарт 40 гаруй жил амжилттай ажилласан туршлага бүхий ноён Ханс Холзхакер нар хамтран дэлхийн эдийн засгийн голлох онолууд болон Монгол Улсын өнгөрсөн 27 жилийн хугацаан дахь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсад Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулан УИХ, Засгийн Газар, Монголбанк зэрэг шийдвэр гаргах түвшинд хүргүүлээд байна.  

Монгол Улс нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд төгрөгийн ханшийг ам.долларын эсрэг хамгаалахын тулд төгрөгийн хүүг зориуд, зохиомлоор өндөрт барьж ирсэн. Үүнээс үүдэн эдийн засгийн суурь тэнцвэрүүд алдагдаж, төрөөс баримталж байгаа эдийн засгийн бодлого өнөөг хүртэл тодорхойгүй явж ирсэн нь зээлийн хүү өндөр байх үндсэн шалтгаан нь болж иржээ. Иймд төгрөгийн ханшийг ам.долларын эсрэг дархлаатай болгох цогц арга хэмжээг авахын зэрэгцээ мөнгөний зөв тэлэлт болон санхүүгийн захын реформыг хэрэгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах болно гэж судлаачид үзэж байна. 



Төгрөгийн ханшийг тогтвортой, дархлаатай болгохын тулд валютын бодлого, эдийн засгийн, тодруулбал экспортын реформ, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой урсгал, зээлжих зэрэглэлээр дамжуулж ам.долларын өртгийг бууруулах боломжтой гэж тэд дүгнэж байгаа юм. Мөн хөрөнгө болон мөнгөний зах зээлийн тэнцвэрийг бий болгох, санхүүгийн зах зээлд оролцогчдыг нэмэгдүүлэх үүднээс хувийн тэтгэврийн сангуудыг бий болгох, мөнгөний нийлүүлэлтийг бодит эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах зэрэг  стратегийг боловсруулсан байна.

Энэхүү стратегийг Монголын төр засаг, хувийн хэвшил шат дараатайгаар хамтран хэрэгжүүлснээр зээлийн хүүг 2024 он гэхэд одоо буй 19 хувиас 9 хувь болгон бууруулж, Монгол Улсын эдийн засагт бодит өсөлтийг авчирч иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр, бизнесийн салбарт шинэ  боломжуудыг нээх ач холбогдолтой юм.

 
Нэмэлт мэдээлэл:

Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг бүрэн эхээр нь байршуулсан тул ЭНД дарж татаж авна уу.
Бусдад түгээх
  • gplus