Б.Батжаргал: Монголчууд хаанаас гараад ирэв гээд гайхаж байсан

Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 20 дуучны нэгээр шалгарсан УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргалыг дугаарын зочноор урилаа. Тэрээр хэдий залуу уран бүтээлч боловч дэлхийн болон Монголын шилдэг дууриудад хэдийнэ дуулж амжжээ.

-Ойрын хэдэн өдөр үргэлжилсэн их бороо орлоо. Энэ өдрүүдэд хөдөө явсан сурагтай?

-Манай театрын хувьд энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Саяхан Солонгосын дуурийн дуучид ирж залуу уран бүтээлчидтэй хамтарсан бэлтгэл хийсэн. Үүний дараа хэсэгхэн хугацаанд Булганд очиж амраад ирлээ. Хөдөө нутагт бороо хур тэгшрээд сайхан байна.

-Өөрөө Булган аймгийнх юм уу?

-Би унаган хотын хүүхэд. Ааваараа яривал Дорноговь, ээжээрээ Архангай аймгийнх болно.

-Театр амрахаас өмнө Жамухын дүрд дуулсан байх аа?

-Наадмын дараахан манайх Б.Шарав гуайн Чингис хаан дуурийг тавьсан. Энэ бүтээлд би Жамухын дүрд дууллаа. Их эрч хүч шаардаж, урам зориг сэргээсэн сайхан тоглолт болж өнгөрсөн. Түүний өмнө “BBC Cardiff Singer of the World” дэлхийн шилдэг дуучин шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн.

-Дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр нэрлэгдсэн. Залуу уран бүтээлчийн хувьд том амжилт шүү?

-Энэ тэмцээнд Монголоос, Англиас, Америкаас, Италиас тус бүр хоёр, хоёр дуучин тунаж үлдсэн.  Монголчууд хаанаас гараад ирэв. Өмнө жил нэг байсан одоо хоёр болоод хүрээд ирж. Монголд яаж сонгодог урлаг ийм эрчимтэй хөгжиж байна вэ гээд их гайхаж хүлээж авсан.

-Өмнөх жил гавьяат жүжигчин Э.Амартүвшин ганцаараа оролцож байсан. Энэ жил хоёр дуучин очихоор гайхсан байх нь?

-Монголын тухай төдийлөн ойлголт байхгүй байсан. Тэмцээнд оролцсон уран бүтээлч бид аль болох эх орон, сонгодог урлагийн түүхээ ярьж, сурталчлахыг эрхэмлэдэг. Харин “BBC” телевизээс СУИС, Хөгжим бүжгийн коллежитэй хамтраад манай эх орон болон сонгодог урлагийн түүхээр баримтат кино хийж байгаа сураг гарсан. Тэгэхээр дараа дараагийн уралдаанд очиход бидний тухай илүү сайн мэдээлэлтэй угтах байх.

-Зэрэглэлийн хувьд мэдээж өндөр байх. Дэлхийн хэмжээний тэмцээнээс юу суралцав?

-Дэлхийн хамгийн шилдэг дуучид цугладаг учир зэрэглэл өндөр түвшнийх. Буудалд буусан үеэс эхлээд туслах өгчихдөг юм билээ. Бид өөрсдөө хувцсаа ч барихгүй. Зөвхөн тэмцээндээ бэлдэж, амрах үүрэгтэй байсан. Миний хувьд Пуччинигийн Рудольфийн ариг дуулж, дэлхийн шилдэг 20 дуучны нэг гэсэн болор цомтой ирсэн. Харин Г.Ариунбаатар шилдэг 20 дуучны нэг, таван дуучны нэг болон нэг дууны төрөлд Шотландын эмэгтэй дуучинтай тэргүүн байрыг хувааж эзэлсэн амжилттай ирлээ. Дуучин хүн тэмцээн бүрээс туршлагажиж, суралцдаг. Барууны дуучдын арга барил школ биднийхээс арай өөр байгаа нь ажиглагдсан. Үүнийг судалж, суралцах хэрэгтэй юм билээ.

-Аав, ээжийнхээ талаас урлагийн удамтай гэж сонссон?

-Манай аав УДБЭТ-т найрал дуучнаар ажиллаж байсан Соёлын тэргүүний ажилтан Д.Баярсайхан гэж хүн бий. Саяхан гавьяаныхаа амралтад гарсан. Ээж Б.Бямбасүрэн минь ЦДБЭЧ-т гоцлол дуучин байсан. Мөн гавьяаныхаа амралтад сууж байна.

-Бага нас чинь дуу хуур дунд өнгөрчээ?

-Бага насны сайхан дурсамж олон бий. Аав, ээжийгээ дагаад олон сайхан тоглолт үзэж, театр чуулгын мундаг уран бүтээлч дунд хүүхэд нас минь өнгөрчээ. Урлаг хүнийг их уян зөөлөн болгодог юм билээ. Мөн аливаад сэтгэл амархан хөдөлж, хөөрдөг сэтгэл дуу хуураас ихтэй.

-Хэзээнээс дуучин болохоор шийдсэн бэ. Багадаа хэр дуулдаг байв?

- Дуучин болох мөрөөдлийг тээж явсан. Гэхдээ аав, ээж маань багаас дуулуулж байгаагүй. Учир нь багаасаа буруу дуулаад сурчихвал хоолойгоо эвдэх аюултай, томроод засахад хэцүү байдаг юм билээ. Тиймээс ерөнхийдөө балчираас минь намайг бэлдэж, хоолой зүгширэхийг хүлээж байсан. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн.  

-Анх Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хүрэл медаль хүртсэн. Энэ анх оролцсон том тэмцээний нэг байв уу?

-Тэр уралдаанд нийт 18 орны 150 гаруй дуучин оролцсон. Өөрийнхөө чадварыг бүрэн гаргая гэж их хичээсэн. Өмнө нь Г.Ариунбаатар оролцож, Гранпри хүртчихсэн байсан. Тиймээс оролцсон дуучид монгол дуучдын тухай өөрийн ойлголттой, мэдлэгтэй бас хүлээлттэй байсан.

-Театртаа авсан анхны дүр чинь ямар бүтээлийнх байсан бэ. Анх тайзан дээр гарахдаа хэр сандарч байв?

-Анх театртаа найралд дуучнаар орсон. Жилийн дараа гоцлол дуучин болсон юм. Анх  Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн согтуу буюу хэлхээ гурван нөхрийн нэгэнд нь дуулж тайзан дээр гарч байлаа. Харин анхны гол дүр “Кармен” дуурийн Хозе. Энэ дүрийг сургууль төгсөөд 10 гаруй жил дуулж, туршлага суучихсан тёнёр хоолойтой дуучин дуулах ёстой байтал би сургуулийн ширээнээс гараад л дуулах болсон. Өмнө нь бүрэн хэмжээний том дуурьт дуулж байгаагүй учир гар, хөлөө яаж хөдөлгөхөөс эхлээд олон зүйлийг хурдан сурах шаардлагатай болсон.

-Тёнёр хоолойны онцлог нь юу вэ. Театрт энэ хоолойгоор дуулдаг дуучин олон бий юу?

-Эрэгтэй хүний хамгийн нарийн хоолой гэж явдаг. Дотроо бас хоёр хуваагддаг. Одоогоор манай театрын солист ангид зургаан тёнёр бий. Тэд л жүжиг бүрийн тёнёр хоолойтнуудын үүргийг нуруундаа үүрч байна. Харин найрал дуучдын дунд 10 гаруй бий. 

-Уран бүтээлч бүхэнд мөрөөдлийн дүр гэж байдаг. Чиний хувьд?

-Пуччинигийн алдарт “Турандот” дуурийн Калапийн дүрд дуулахыг хүсдэг. Энэ нь Монголын Тогоонтөмөр хааны хүү гэсэн түүхэн дүр. Монголын ханхүү дуулж байна сонс гэсэн утгатай.

-Театр ямар үзвэрээр нээлтээ хийх вэ? 

-Манай театрын 55 дахь удаагийн нээлт ирэх аравдугаар сарын 1-нд болно. Ж.Вердийн “Айда” дууриар хөшгөө нээхээр уран бүтээлчид маань бэлтгэлдээ орчихсон байна. Одоохондоо гол дүрийн дуучдын нэр хараахан тодроогүй байна. 

-Таны хувьд ямар бүтээлд ажиллахаар бэлдэж байна?

-Арваннэгдүгээр сард “Травиатта” дуурийг тоглоно. Энэ дуурьт дуулахаар бэлдэж байна.  Мөн хоёр найзтайгаа хамтарсан уран бүтээл маань ар араасаа цуварч байна. Шинэхэн дууныхаа клипний зураг авалтыг дууссан. Удахгүй үзэгчдийн хүртээл болно.

Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-08-29 02:11:03
    Ariunbaatar geed l hoshuuraad bhaa bolohoos tuunees dutahgui zaluus zunduu bna shuu.Amartuvshin.Batjarjargal gd
  • Furevjav  2017-08-27 07:26:33
    Mundag duuchin yum. Amjilt husey
  • Dyydeen bayar hyrgye! 2017-08-26 19:23:08
    Ta nar mas sain delhiid garah heregtei!hamgiin tyryynd angli hel sain syr!!!!dyygaaraa ta nar chadna!
  • о 2017-08-26 16:32:46
    "Турандот" (Туран доттер, Туран охин, Ираны баруун талд байдаг Татар-Монголуудыг Туран гэдэг байсан, Түрэгүүдтэй нь нийлүүлээд) буюу Монгол гүнжийн тухай дуур...
  • hklkl 2017-08-26 09:46:44
    olijko