Ард түмэнтэйгээ хамт жагссан хаан

Испанийн хаан VI Филипп Каталонд 15 хүний амийг авч одсон алан хядах ажиллагаанаас хойш ес хоногийн дараа Барселонад зохион байгуулагдсан терроризмын эсрэг жагсаалд оройлон оролцлоо. Каталоны нийслэлийн гудамжинд болсон уг жагсаалын тэргүүн эгнээнд хаантай зэрэгцээд Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой болон наймдугаар сарын 17-нд исламистуудын халдлагад өртөгсдөд хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн хүмүүс жагсчээ. Тэргүүн эгнээнд жагссан хүмүүсийн хувьд зөвхөн цагдаагийн дүрэмт хувцас, эмчийн халаттай тангараг өргөсөн хүмүүс байсангүй. Тэдний дунд алан хядах ажиллагаа болсон Рамблын өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч нар хүртэл жагсчээ. Тэд ачааны машин хүмүүсийг дайрахад хамгийн түрүүнд тусламж үзүүлцгээжээ.

Жагсагчид “No tinc por” буюу каталоноор “Би айхгүй” гэсэн уриа бүхий лоозон барин жагссан байна. Түүнчлэн дайн өдөөгч исламистуудыг буруушаасан жагсагчид дотор исламын шашинтнуудыг хэт дууриахыг эсэргүүцсэн хүмүүс ч байлаа. Тухайлбал, хижаб өмссөн лалын шашинтнууд ч эсэргүүцэн жагссан байна. Үүнээс гадна Саудын Арабт испани зэвсэг худалдахыг шүүмжилсэн плакат ч барьжээ.

Цагдаагийн газрын мэдээлж буйгаар уг жагсаалд хагас сая орчим хүн оролцсон гэнэ.
 

Хаад сүүлийн 42 жил жагсаагүй


VI Филипп хаан 1975 онд Испанид болсон хаант засгийн бослогоос хойш жагсаалд оролцсон анхны хаан юм. Дарангуйлагч Франсиско Франког таалал төгссөний дараа хаан ширээ эзэлсэн түүний эцэг Хуан Карлос 2014 он хүртэл хаант ширээнд суухдаа нэг ч удаа жагсаалд оролцож байгаагүй юм.

Испанийн хаан, Ерөнхий сайд энэхүү жагсаалд хамтдаа оролцсоноороо давхар Каталоны засаг захиргаа ирэх аравдугаар сард тусгаар тогтнох тухай албан бус бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй холбоотой асуудалд санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь хаан, Ерөнхий сайдын ард хараат бус автономит муж байхыг дэмжигчдийн эмблем болон Каталоны далбааг намируулж байлаа. Харин зарим жагсагч VI Филипп рүү эсэргүүцлээ илэрхийлэн шүгэлдэж, “Зайл” хэмээн хашхирчээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Рахой Каталон болон Испанийн бусад хэсэг ч алан хядах ажиллагаатай тэмцэхэд санал нэгдэнэ гэдгээ харуулах зорилгоор жагсаалд ирэхийг уриалж байлаа.
 

Барселонагийн алан хядах ажиллагааны талаар


Энэ сарын 17-ны үдээс хойш Барселонагийн төвд орших, жуулчдын хамгийн очих дуртай Рамблын өргөн чөлөөнд фургон машин явган хүмүүсийг дайрсан хэрэг гарсан билээ. Машин 80 км/цаг орчим хурдтай 500 гаруй метр яваад Бокерия талбай дээр зогссон байна. Ингээд жолооч нь хэргийн газраас зугтжээ.

Үүний дараахан Барселонагаас 120 км-ийн цаана Камбрильс хэмээх тэнгисийн эрэг дагуух хотод бас нэг машин явган хүмүүс рүү халджээ. Цагдаа нар халдлага үйлдсэн таван хүнийг буудаж хороосон байна.

Ингээд Каталоны халдлагад 15 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээсэн аж. Тэгвэл энэ сарын 22-нд буюу өнгөрсөн мягмар гарагт цагдаа нар Рамблын өргөн чөлөөнд жуулчдыг дайрсан фургон машины жолооч хэмээн үзэж байсан Марокко гаралтай, 22 настай Юнес Абуякубыг буудаж хороожээ. Үүнээс гадна Каталонд алан хядах ажиллагаанд хамаатуулан дөрвөн хүнийг саатуулж, Мадридын шүүхэд өгсөн байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.