“УДЭТ-ынхан Урлагийн ажилтны  баярын өдрүүдээр орон нутгийн үзэгчдэд хүрч оюуны бэлэг барина”
УДЭТ хөл хөдөлгөөн ихтэй байна. Тус театрын уран бүтээлчид орон нутагт аялан тоглолт хийх бэлтгэлээ хангаад завгүй байгаа нь энэ. УДЭТеатрын Маркетинг олон нийттэй харилцах албаны менежер CТА. Б. Гэрэлтэй уулзаж, ярилцлаа.

  -УДЭТ-ынхан өнгөрсөн хавар Дорнод, Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хотуудад сонгодог бүтээлүүдээ толилуулж орон нутгийн үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Энэ удаад аялан тоглолтоо хаана хаана, хэрхэн зохион явуулах гэж байна?

 -Баярлалаа, тийм ээ мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын  хамт олон бид хаврын аялан тоглолтоо круг эргэдэг том тайзтай театруудыг сонгон томоохон хотуудад сонгодог бүтээлээсээ толилуулж,  театрын өдрүүдээ амжилттай зохион байгуулсан байгаа.

 Энэ удаад манай харин манай хамт олон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх нийтийн соёл урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх заалтын дагуу хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүрч үйлчлэх зорилгоор  аялан тоглолтоо Архангай, Тосонцэнгэл, Завхан, Хөвсгөл аймгийн төвүүдэд зохион явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.  Тухайлбал, есдүгээр сарын 9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод, 12-нд Тосонцэнгэл суманд, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай хотод, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тоглоно.

 -Тоглолтын хөтөлбөрт ямар бүтээлүүд  багтаж байна энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Аялан тоглолтын хөтөлбөрт  зохиолч, найруулагч Н.Ганхуягын  “Бүүвэй” уянгын драмын жүжиг. Энэхүү жүжиг нь 2014 онд УДЭТеатрт хэрэгжүүлсэн  “Бэсрэг-7” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн шилдэг Монгол жүжиг.  Гол дүрд МУАЖ С.Сарантуяа, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Амгаланбаатар, Г.Дөлгөөн-Аюуш, Ц. Аззаяа нар тоглоно. Дараагийн бүтээл маань “Красногоров-7”  төслийн хүрээний шилдэг бүтээл “ Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг.  Найруулагчаар  нь  УДЭТеатрын ерөнхий найруулагч МУТС Н.Наранбаатар ажилласан. Гол дүрд МУГЖ Ж.Оюундарь,  СТА С.Болдэрдэнэ, СТА Э.Тодгэрэл, СТА М. Тогтохжаргал. Харин хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” гэсэн хөгжилтэй нэртэй, сахилгагүй хүүхдүүд буюу тэдний эмээ нарт зориулсан  хөгжим дуутай жүжиг. Энэхүү бүтээл нь МУЗГазрын 280 дугаар тогтоолын дагуу БСШУЯ-аас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын 2-р уралдаанд шалгарсан шилдэг бүтээл. Хүүхдийн хүмүүжил чухлаар яригдаж байгаа өнөө үед сургамжтай сайхан бүтээл болсон. Нөгөөтээгүүр БСШУСайдын 228-р тушаалаар батлагдсан “Хүүхдэд урлаг гоо зүйн боловсрол мэдлэг олгоход баримтлах заавал үзэх уран бүтээлийн жагсаалтад орсон сургуулийн бага, суурь боловсролын агуулгын стандартын түвшинд багтсан бүтээл юм.

-Аялан тоглолтын уран бүтээлчдийн бүрэлдэхүүний тухайд, таны хувьд хаана ажиллах вэ?

-Аялан тоглолтоор МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болдэрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.

Энэ удаагийн аялан тоглолтын ахлагчаар МУАЖ С. Сарантуяа, Уран сайхны удирдагчаар МУГЖ Ж.Оюундарь, найруулагчаар СТА Ч.Түвшин нар ажиллахын дээр аймаг тус бүрд менежментийн баг ажиллана. Тухайлбал Архангай аймгийн аялан тоглолтын менежментийн багийн ахлагчаар МУГЖ Б.Жаргалсайхан, Завхан аймгийн ахлагчаар МУГЖ Л.Дэмидбаатар, Хөвсгөл аймгийн ахлагчаар СТА Б.Отгонбат. Миний хувьд Архангай аймгийн аялан тоглолтын менежерээр ажиллана.

-Тэгвэл та тухайн аймагт зохион явуулах аялан тоглолтынхоо талаар дэлгэрүүлж яриач, та яагаад энэ аймагт ажиллах болов, хамгийн сүүлд хэдэн онд  ямар жүжгүүдээр очиж байв?

-За баярлалаа, Архангай аймагтай миний ажил амьдрал салшгүй холбоотой. Учир нь миний хань Архангай аймгийнх, би чинь Архангайн дархан бэр шүү дээ кк. Миний анхны гэгээн дурсамж бүхэн Арын сайхан хангай нутагтай  салшгүй холбоотой болохоор миний төрсөн нутгаас өөрцгүй гэж боддог.  Анхны гал голомтоо бадрааж анхны хүү маань Цэцэрлэг хотод мэндэлсэн, анх ажилд орж, анхны хамт олон маань энэ сайхан нутгийн эрдмийн өргөөнд  намайг өлгийдөж авсан, анхны шавь нараа төрүүлсэн гээд л дурсамж бүхэн энэ сайхан нутгаас эхтэй. Цэцэрлэг хотын  8 жилийн  дунд сургуулийн багшаас Боловсрол Соёл урлагийн газрын арга зүйч хүртэл ажиллаж тэргүүлэх зэргийн багш хүртлээ миний  8 жилийн ажил амьдралын түүх энэ хоттой холбоотой. Хувь ерөөлөөр Хотын сүлд дууны уралдаанд  оролцож “Цэцэрлэг хотын сүлд дуу” маань шалгарч Эрдэнэбулган сумын иргэдийн хүртээл болсонд баярлаж явдаг төдийгүй  Булган хайрхандаа сүслэж явдаг хүний нэг дээ. 

Архангай аймагт ажиллах аялан тоглолтын бүрэлдэхүүнд маань мөн Батцэнгэл сумын харьяат манай театрын жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА Н.Батбилэг эгч маань явж байгааг энд дурдахгүй бол болохгүй. Тэрээр Архангай аймгийнхаа соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүний нэг.  Учир нь сумынхаа номын санг Улсын тэргүүний номын санч болгосон хүн дээ.

Аялан тоглолтын тухайд хамгийн сүүлд Архангай аймагт  2010 онд аялан тоглолтоо хийж Ээжээ, Надаар тоглосон хайр,  Бардам туулай  зэрэг жүжгүүдээ толилуулж байсан. МУГЖ Архангай аймгийн харьяат МУГЖ Тунгалаг эгч бид хоёр менежментийн багт ажиллаж, тухайн үеийн Засаг дарга Ё.Баатарбилэг түүний тамгын газар, театрын дэмжлэгийг авч  амжилттай зохион байгуулж байсан нь сэтгэлд тодхон байна.

Энэ удаагийн аялан тоглолтын онцлог гэвэл эдгээр өдрүүдэд Урлагийн ажилтны баярын өдрүүд тохиож байгаа. Иймд бид бүхэн салбарын баяраа орон нутгийн үзэгчиддээ хүрч үйлчилж, тоглолтын үнээ 50 хувь хөнгөлж оюуны бэлэг барьж тэмдэглэх гэж байна. 

Үүний зэрэгцээ уран бүтээчидтэй хийх уулзалтуудыг  сургууль, хамт олонд хийж, нээлтийн арга хэмжээг Дэмид жанжны талбайд есдүгээр сарын 9-ний 14 цагт хийхээр ярилцаж байна. Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд уран бүтээлчидтэй дурсгалын зураг татуулж, гарын үсэг авч, хамтдаа  дуулж бүжиглэн цагийг  хөгжилтэй сайхан өнгөрүүлэх болно.

 “Эрүүл Архангай” төслийн  хүрээнд бид нээлтийн арга хэмжээгээ  Урлаг соёл спортын томоохон арга хэмжээ, театрын өдрүүдийг зохион байгуулахаар аймаг орон нутгийнхантайгаа тохиролцож байна.  Урлаг уран бүтээлээрээ дамжуулж, олон түмний сэтгэл оюуныг  бид баясган догдлуулж, бодол оюуныг нь эрүүлжүүлдэгээрээ бидний зорилго нэгдэж байгаа юм.  

 Архангай нутгаас УИХ-д суугаа гишүүдийн төлөөлөл болон аймгийн удирдлагууд,  Архангай аймгийн ЗДТГазар, МУАЖ Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театр, БСГазар дэмжин ажиллаж байгаад энэ дашрамд талархлаа дэвшүүлье. 

-Энэ их ажлынхаа хажуугаар цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа,  хойморь зүгийн хангайн сайхан нутгуудаар хийх аялан тоглолтонд нь  амжилт хүсч, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөе. 

-Их баярлалаа, театрын урлагийг сурталчлан түмэн олонд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үргэлжид  дэмжин, хамтран ажиллаж байдаг танай хамт олонд талархлаа.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.