Ай.Төмөр-Очир: Яруу найрагчид гэдэг эх орноо элгэндээ тэвэрсэн хүмүүс

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, эх оронч Ай.Төмөр-Очиртой уулзаж уран бүтээл, эх орон газар шороо, улстөрчдийн увайгүй бүхний талаар хөөрөлдлөө. Хэзээнээсээ эх орон газар шорооныхоо төлөө голоо тасартал, чөмгөө царцтал тэмцсээр ирсэн Шилийн Богд, Дарьгангын сайн эрсийн үргэлжлэл болсон энэ хөх эр “Яруу найрагчид үхээнц болж, Явуугийн уянга сааралтах болж” гэсээр уулзсан юм.
 
-За Ай ах сайхан намаржиж байна уу. Суурин байна уу, Дарьгангын цэнхэр хязгаараараа давхиад явна уу?
 
-Суурин голдуу. Гэхдээ ах нь талынхаа хөх салхи шиг элин нисэ эрх дураараа амьдардаг хүн болохоор Улаанбаатарт түгжигдэж сууна гэж байхгүй л дээ. Сая чамтай уулзалдахаас өмнөхөн Шилийн Богд хайрхнаа бараадан байдаг “Талын цаг” жуулчны баазын эзэн, аймгийн алдарт уяач М.Амгалан дүү маань мэнд мэдэж, намрын шаргал өдрүүдэд ирж алжаал ядрал юугаа тайл гэсэн амар мэндийн урилга заллага ирүүлж л байна. Шилийн Богдын минь эрийн хийморьтой тал нутгийн исгэлэн салхитай мэндчилгээг Монголын ард түмэндээ болон танай сонины нийт уншигчдад хүргэж ярилцлагаа эхэлье дээ.
 
-Ай.Төмөр-Очир хэмээх зассан шагай шиг тос даасан хөх бор эр хүн хаана ч таарсан Шилийн богд шигээ хийморь даялуулж, гял цал, гавшгай түргэн явах юм даа?

 
-Шилийн Богдтойгоо сэтгэл зүрх минь уяатайгаас гадна сан сэржмээ өргөөд нутаг орноо бүхэлд нь тээгээд явж байна. Цаг нар залуутай адил уулын оройгоор боохойтой хөөцөлдөж, шүлэг уншаад давхиад явдаг нас зүс минь өнгөрсөн л дөө. “Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн Тээж явдаг шүү сэтгэлдээ” хэмээн зулай цагаан Алтайгаа магтдаг шиг Монголын сайхан газар нутаг бүхнээ тэнд төрж өссөн хүүхдүүд нь зүрх сэтгэлийнхээ чинадад тээж, чийгтэй нүднийхээ аньсганд хадгалж явдаг юм шүү дээ. Наран ургах зүгт найз нар минь байдаг. Өглөө болгон “Монгол Улсын дархан хил амгалан байна” гэж рапорт өгч мэнд мэддэг дээ. Дөнгөж саяхан М.Амгалан дүү минь бага үдийн мэнд мэдэж одоо чи бид хоёр морин цагт Монгалын хүчтэнгүүдийн буян хурж, абшиг шингэсэн энэ сайхан Спортын төв ордны өмнө намрын шаргал наран дор ярилцаж сууна.

-Яруу найрагч зохиолчид гэдэг мөнхийн нутаг амьтай, мөнхийн эрэлчин, мөнхийн бодлогошрогч, мөнхийн ажилтай хүмүүс юм даа?
 

Өнөөдөр Монголын төр юугаар дутаж, юугаар өлсөж байна үнэн үг, зоригтой шүүмжлэлээр л дутаж байна.

 
-Их сайхан үг хэллээ. Мөнхийн ажилтай, мөнхийн мөрөөдөлтэй байх нэг хэрэг. Аливаа яруу найрагч, зохиолч гэдэг цаг үеийнхээ бурантагтай тэмээ байдаггүй юм. Сайн яруу найрагч, зохиолч бол мөнхийн сөрөг хүчин байсаар ирсэн түүхтэй. Энэ бол Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт, үзэл баримтлал, хэвшил болсон дадал заншил юм шүү. Харамсалтай нь Монголын яруу найрагч, зохиолчид тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна, дэндүү аймхай хулчгар, үхээнц болцгоочихож. Аль нам, аль засаг гарна вэ аялдан дагалдаж байна, бялдуучилж хөсөр унацгааж байна. Хайлсан тугалга шиг, хаймар хуванцар шиг болцгоож. Хүний чанар муудаж байна, зохиолчдын чансаа, уран бүтээлийн чанар шалдаа бууж байна. “Үрээ даагаа өсгөвөл сүрэг мал минь өснө, Үнэн үгээр дутвал Монголын төр өлсөнө” гэж би хэлсээр ирсэн, хэлэх ч болно. Өнөөдөр Монголын төр юугаар дутаж, юугаар өлсөж байна үнэн үг, зоригтой шүүмжлэлээр л дутаж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж билэг оюун төгс Монголын ард түмэн хэзээнээсээ хэлцсээр ирсэн. Харин өнөөдөр тэр үнэн үг, тэр үнэн биднээс өдөр өдрөөр алсарсаар байна. Яруу найрагч, зохиолчид бид нийгмийг соён гэгээрүүлэх, үнэний дууч байх эрхэм үүргээ гүйцэтгэж үнэхээр чадахгүй байна. Бүгдээрээ унтаж байна. Одоо сэрэх, санах, шүүмжлэх, үнэний дуучийн үүргээ гүйцэтгэх цаг нь болчихоод байна.
 
-Ай ахын дотор давчдаад жаахан бухимдангуй явна уу даа. Таны хатуу зэмлэлд зарим нэг зохиолч гомдох байх даа?

 
-Олон зохиолч гомдвол гомдоно л биз. Тэднийг гомдоочихно гэж тэнхлүүн үнэн үгээ хэлэхээ болихгүй ээ би. Би бухимдаж явна. Аргаа ядаад оффшорчдын цуглаан дээр үгээ хэлсэн. “Алтай хангайгаар дүүлсэн Аргаль янгир шиг Ардын уран зохиолчид оо Асга хаданд хярсан ирвэс шилүүс шиг Болор цомын эзэд ээ Эх орон чинь нохойн замаар орж байна Эрхэм та нөхөд юу бодож байна” гэж хатуухан асуусан. 85-тай Т.Галсан, найгасан ганхсан, эцэж турсан муу Ай.Төмөр-Очир хоёр л тэнд байсан. Тухайн үед уур хүрч урам хугараад Монголын төрд салаавч өгсөн.
 
Сонгууль бол нэг нэг намыг төлөөлөөд булхай луйвраа хийгээд дуусдаг зүйл. Харин тэр оффшорчдын эсрэг цуглаан бол эх орон амьдрах уу үгүй юу, Монголын баялгийг хулгайлан зарж далай давуулан нуусан тэр их мөнгө эх орон газар шороондоо эргэж ирэх үү үгүй юу гэдгийг асуусан, сануулсан ард түмний уур хилэн, эрчлэн давалгаалах их тэмцлийг сэрээсэн эх орончдын сэтгэлийн дуудлага байсан юм. Тухайн үед Ноён уул, Оюутолгой гэж хашхиралддаг эх орончид хаана байв, яруу найрагчид хаана байв. Байхгүй л байсан шүү дээ,

“Оцон шувууд хар алаг,
Ордны ноёд харь алаг,
Олон түмэнд хэл алга,
Оффшор данстанд хөл алга.
Алга алга алга
Ард түмэн алга.
Алаг алаг алаг
Арай дэндүү алаг.
Тогоруу шувуу цэнхэр
Тоодог харин дэнхэр
Том тушаалтан энхэр
Тоонотой гэр минь мөнхөр
Байна байна байна
Байгаль ээж минь уйлж байна
Байхгүй байхгүй байхгүй
Баялгаа одоо дууссан
Хуц буц май чи”

гэж би Монголын төрд салаавч өгсөн. Монголын төрд салаавч өгнө гэдэг нь сүлдэндээ салаавч өгсөн хэрэг биш юм. Монголын халуун голомтыг самарч байгаа харийн доншуучид, тэдэнтэй нийлж эх орны минь баялгийг цөлмөөд дуусгаж байгаа дээр байгаа хулгайчуудад салаавч өгч байгаа юм. Оюутолгойг Рио Тинтод бэлэглэчихээд Америкт арав таван байшин авч адаг сүүлд нь Англид тарвалзаж хэвтээ үзээрийн муухай хараал идэгсдэд өгсөн салаавч юм. Ахиад салаавч өгөх нь байтугай эднийг би оюун ухаанаараа Алхаар цохино Алмазаар цавчина гэж бодож байгаа. Эх орныхоо төлөө дуугарч байгаа аавын хүү ээжийн охин байна уу. Бүгд хэлээ хазаж, нүдээ аньж, чихээ бөглөчихсөн байна. Монголын ард өнөөдрийнх шиг ийм үхээнц дорой байгаагүй л юмсан.

Эцэг Есүхэйн эрхий байя
Чингис хааны чигчий байя

гэж би бичиж байсан. Тэгвэл өнөөдөр бид Чингис хааны чигчий ч байж чадахгүй байна. Чийгийн улаан хорхой шиг ч атирч мурилзаж чадахгүй байна. Эцэг Есүхэйн эрхий ч байж чадахгүй байна, элдвийн доншуучдад нүдээ ухуулж, чихээ хуулуулаад сууцгааж байна. Хайртай Монгол халуун голомт минь уйлж байна.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хамгийн их шүүмжилдэг хүний нэг байсан. Ц.Элбэгдоржийн гараас Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол зүгээд гарч ирэхэд тань уулзахад “Мөн ч их хараалгасан Элбэгдорж энгэрт минь гавьяат зүүлээ. Одоо дахиж түүнийг зүхэхгүй ээ” гэж байсансан?
 
-Тийм ээ. Би Ц.Элбэгдоржийг хайр найргүй шүүмжилдэг байсан. Тухайн үед Ц.Элбэгдорж тэр олон хүнд гавьяа шагналыг нь зүүж өгөхдөө хоёрхон хүнд хандаж л нэлээн олон үг хэлсэн юм. Тэр нь Лоохууз гуай бид хоёр. Тэгэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надад “Монголын ард түмэнл таны энэ адармаатай, үнэн үгтэй хатуу шүлэг их хэрэг болно шүү. Хатуу чанга ч сайхан шүлгээ бичиж яваарай, урт наслаарай” гэж хэлсэн юм. Би тэр захиасыг нь бодож шүлгээ бичсээр, тэмцсээр л явна. Өнгөрсөн хавар болсон оффшорчдын эсрэг цуглаан дээр би дахиад Ц.Элбэгдоржид хандан “Энгэрийн тэмдэгнээс хямд эх орон байдаг юм уу” гэж хэлсэн. Гавьяат гэхээрээ л гав зүүгээд, амандаа амгайвч үмхэчихэж болохгүй шүү дээ. Надад орон хэрэгтэй болохоос энгэрийн тэмдэг хэрэггүй гэдгээ хаана ч хэлнэ. Щ УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ тэр бол “Гавьяатын тэмдгээ багшдаа өгнө” гэдэг л юм. Харин би бол хэн нэгэнд өгөхгүй. Бүр болохгүй бол ялзарч, өтөж дампуураад байгаа Монголын төрд нь л буцаагаад өгчихнө. Би оффшорчдын эсрэг цуглаан дээр Ц.Элбэгдоржийг тэгж л загнасан. Ц.Элбэгдорж яах вэ хийсэн тодорхой ажилтай, найман жил болоод буулаа.
 
Өчигдөрхөн би “Сүүдэргүй цагаан морь” гэсэн эссе бичсэн. Сүүдэргүй мөртлөө сүнстэй морины тухай юм. Гэтэл өнөөдөр Монголын төрд сүнс алга. Харин ад чөтгөр, авах идэхийн дон шүглэсэн аймшигтай урт хар сүүдэр л байна. Өнөөдөр ард түмэн зовлон жаргалын олс таталцаж байна. Ард түмэн жаргалын талд нь дийлэх ёстой юм. Бидний дээр тонгочиж байгаа энэ 200 гаруйхан цөсгүй, зүсгүй, цусгүй хулгайч нарыг одоо л тонилгож цэгцлэхгүй бол
 
1000 жилийн түүхтэй миний Монголын төр
Мяндсан утас шиг тасарч
Гандсан өвс шиг хийсэхгүй ээ
Төмөр нүүртэй төрдөө
Нөмөр болохын хүслэн байна.
Төмөр-Очирын үнэн үг байгаа ононо хүлээж байгаарай.
 
Мянган жилийн түүхтэй төр өнөөдөр мяндсан утас шиг тасарч, гандсан өвс шиг хийсчих гээд байгааг л хамгийн гол нь Монголчууд байнга бодож, санаж сэрж явах ёстой юм.

-“Азын дөрвөн шагай”, “Эмнэг хар азарга”, “Азын дөрвөн бэрх”, “Эмээлтэй мөндөр” гээд адуу малын төвөргөөн сонсогдох шиг, агт морьд үүрсэх шиг эрмэг хангал яруу найргийн номын эзэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэнтэй яруу найраг, уран зохиол ярих гэхээр бид хоёрын яриа өөрийн эрхгүй л улстөржөөд явчих юм даа?
 
-Уг нь сайхан уран бүтээл, үүх түүх яримаар байна. Гэтэл цаг үе, өнөөдрийн ихэс дээдсийн байж байгаа байдал, энэ төр засаг дэгэнцэж догонцож байгаа нь өөрийн эрхгүй улстөр рүү халтирч оруулаад байна.
 
-Саяхан Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар чуулган тав хоног үргэлжлээд өндөрлөлөө. Та мэдээж оролцсон л байлгүй?
 
-Оролцолгүй яах вэ. Дэлхийн яруу найргийн чуулганыг 2006 онд нэг хийж байсан. Сая 12 жилийн дараа манай Соёлын гавьяат, Чингисийн одонт Г.Мэнд-Ооёо маань маш сайхан удирдан зохион байгуулж явууллаа. 40-өөд орны 300 орчим яруу найрагч цуглан тав хоног шүлэг яруу найргаар амьсгалж, Монголыг дэлхийд сурталчлах маш том үйл явдал болоод өнгөрлөө. Төрийн ордонд хоёр хоног чуулж, алтан говь Равжаа хутагтын нутгаар аялж энергийн төвд эрдэм соёлоо түгээж эрч хүсээ сэлбэцгээлээ. Гэхдээ үүний цаана нэг зүйл огт ойлгомжгүй хоцорсон нь улс төрөөр талцах, ууж идэхээр талцах адаг сүүлд нь уран зохиол яруу найргаар талцсан их булай юм боллоо.
 
“Дэлхий ээж”-ээ дуулдаг Г.Мэнд-Ооёогийн удирдан зохион байгуулсан Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар чуулган “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” гэсэн ийм сайхан сэдвээр хуралдсан. Бид дэлхийн дулаарал, экологийн сүйрлийг сэтгэл шимшрэн ярилцаж байгаль эх дэлхийгээ аврах тухай ярилцаж байгаа юм. Гэтэл манай нөгөө Ардын уран зохиолчид, томчууд болох Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, П.Бадарч нар бараагаа ч харуулсангүй. Монголын ард түмэн цаашлаад дэлхийн яруу найрагчдад таалагдаж байхад манай Ардын уран зохиолчдод таалагдахгүй байна гэнэ. Монголын зохиолчдын эвлэл нойр хоолгүй тав хоног хамтран зүтгээд зочид төлөөлөгчдийнхөө шилийг харж байхад эрхэм Ардын цолтнууд ганц удаа ч үзэгдсэнгүй. Ингэж муухай талцаж, ихэрхэж томорхож яадаг байна аа. Оюутолгойг идэж болно, Тавантолгойг тасдаж болно. Харин оюун санааны терроризм хийж хөнжил дотроо хөлөө жийлцэж болохгүй. Томчуудыг Болор цомын боорцгон дээрээ зодолдож байхад эх орныг чинь боохой урж тасдаад дуусгах нь байна шүү гэж би хэлж байсан. Бас Борвиндоо баастай Болор цом ч гэж бичиж л байсан. Энэ нь зөвхөн Болор цомыг л яриад байгаа юм биш. Монголын оюун санааны ертөнцийг хэд хувааж, хэдэн тийш нь зулгаагаад байгаа тодорхой нөхөд, эздийг л хэлээд байгаа юм.
 
-Ай ах адуу мал, морио зурж байна уу. Сүүлийн үед ямар яруу найраг туурвиж, ямар ном гаргахаар сэтгэлээ чилээж сууна даа?
 
-Ах нь яруу найраг, уран зураг, сэтгүүлч гэдэг гурван ажлыг 30 жил хийсэн хүн гээд бодохоор хийж бүтээснээрээ өөрийгөө 100 насалчихсан хүн гэж тоож явдаг юм. Гэхдээ сүүлийн үед зураг зурсангүй, зав ч алга. Үлдсэн жаахан насандаа амжуулах ажил даанч их байна санж. Ах нь саяхан

Миний үхэл гэдэг
Гүрэн мөхөхийн дайтай
Тэр цаг хугацаа хүртэл
Зуун жилийн зайтай

гэж бичсэн. Зураг өнөөдөр нийгмийн мөн чанарыг илэрхийлж чадахгүй байна. Алдарт шог зураач А.Бат-Эрдэнийг бодвол миний шог зураг арай жаахан тааруухан юм. Сайхан морьдоо бол бишгүй нэг зурсан. Нийгэм дэндүү бохиртсон болохоор надад морь зураад суух сэтгэл ч алга, зав ч алга. Морь зурж нийгмийн буртагтай тэмцэж болохгүй. Морь бол тэнгэрийн амьтан. Харин чоно нохойн архираан, жингэрийн улианаар өнөөдрийн Монголын нийгмийн бузар булай, улстөрчдийнх нь увайгүй нүгэл хилэнцийг цочроож мэдэх юм. Бидний үед Т.Галсан, Г.Жамьян гэж хоёр том соён гэгээрүүлэгч хоёр том ноён оргил насаараа шударга бус бүхэнтэй хайр найргүй тэмцэж, бурангуй нийгмийн золиос болж насаараа хатуу хана мөргөж, хад чулуунд хавчуулагдаж ирлээ. Би нэг удаа Д.Нацагдоржийн хөшөөний цаана тэр хоёрын алтан хөшөө сүндэрлэсэн байна гэж зүүдэлсэн удаатай. Би одоо өдөр болгон шүлгээ бичиж байна, удахгүй сайхан түүврээ гаргана. 2012 оноос хойш ном гаргаж хараахан амжаагүй л явна. Өнгөрсөн хугацаанд Энэтхэгт элгээ солиулсан ч Эх орноо юугаар ч солихгүй гэж бичсэн.
 
-Та болор цомд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Өөрийг тань сүүлийн даваанаас няслаад байдаг болохоор уур чинь хүрч тэрсэлдээд байдаг юм биш биз?

 
-Алдарт Д.Пүрэвдорж өлгийдөж авсан энэ наадам эхэндээ жинхэнэ яруу найргийн наадам, уран бүтээлчдийг хөглөдөг сайхан тэмцээн байсан. Б.Лхагвасүрэн гурван удаа, Ц.Чимэддорж хоёр удаа, Д.Цоодолыг гурван удаа, Ц.Хуланг хоёр удаа тус тус түрүүлэхэд сайхан л болдог байсан.

Одооны Болор цом, түрүү жилийн Болор цомыг бодохоос ой гутах юм. Юмыг ингэж бузарлаж, 1986 онд анх санаачилсан агуу Д.Пүрэвдоржийн ясыг ингэж муухай өндөлзүүлж байгаад жигших юм.

 
Одооны Болор цом, түрүү жилийн Болор цомыг бодохоос ой гутах юм. Юмыг ингэж бузарлаж, 1986 онд анх санаачилсан агуу Д.Пүрэвдоржийн ясыг ингэж муухай өндөлзүүлж байгаад жигших юм. Сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэгчээр Өвөрхангайд 33 идэж, Болор цом биш бохир цом хийж баахан архидаж заваарч байгаад ирж л байсан. Одоо ч тэгээд 30-40 жил идлээ дээ. Ер нь Болор цомыг бүр больдог ч юм уу шал өөр болгодог ч юм уу Монголын зохиолчдын эвлэл нэг юм бодмоор л байгаа юм.
 
-Нэг удаагийн Болор цомын эзэн одоо ЗГХЭГ-ын дарга, том сайд хийгээд л явж байгаа?
 
-За яах вэ дээ, дарга сайд болох нь хүний эрхийн асуудал байдаг байх. Намын шугамаар Болор цом аваад л намын шугамаар дээшээ дарга болдог юм биш үү. Хүний цүнх бариад, амьтны түнх налаад л ирэхээрээ дээшээ гардаг бичигдээгүй хууль байна шүү. Мод биш, төмөр биш ээдэмцэр гэж нэг юм байсан юм. Түүн шиг ээдэмцэр хүмүүс л олширсон цаг болжээ.
 
-Таны энгэр дээр гавьяатын тэмдэг биш дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн дүрстэй тэмдэг байна. Б.Явуухуланг таны оюун санааны эцэг гэж ойлгож болох уу?

-1982 онд намайг цэргээс халагдахын өмнө таван сард агуу их Б.Явуухулан бурхан болчихсон юм. Би тэр агуу хүний барааг амьдад нь хараагүй хүн. Гэхдээ би Б.Явуухулангийн шагналыг 2009, 2014 онд хоёр удаа хүртсэн юм. Энэ жилийн зургаадугаар сард Завханы Батсайхан дарга Б.Явуухулангийн төрсний 88 жилийн ойг тэмдэглэхдээ намайг урьж хүндэтгэл үзүүлсэнд их баярласан.
 
Тэр үед би Батсайхан даргаас “88 байтугай 90 жилийнхээ ойг хийж чадахгүй байгаа олон газар байна. Энэ хол газар олон хүн авч ирэхэд мөнгө төгрөг зардал мөнгө их гарч байгаа биз дээ” гэхэд “Ах аа хэдэн төгрөгний зардал яах вэ. Яруу найрагчдыг урьж шүлэг яруу найргаар нь байгаль дэлхийгээ аргадсан жил зуншлага сайхан болдог юм” гэж байсан. Үнэхээр ч биднийг явсны дараа бороо хур асгарч энэ жил Завхан сайхан зуншлагатай болсон гэсэн. Тийм ч учраас дорнын их найрагч Б.Явуухулангийн тэмдэг миний баруун энгэрт явдаг юм даа.
 
-Монголын зүүн талаас агуу их Д.Данзанравжаа, Д.Нямсүрэн, О.Дашбалбар гээд сод их яруу найрагчид төрөн гарсан нь уул ус, газар оронтой холбоотой гэж танд бодогддог уу?
 
-Хил хязгаараа манан суудаг эр зориг, хийморь сүлдтэй энэ хязгаар нутгаас эх орончид, яруу найрагчид төрөн гардаг нь цаанаа учиртай. Одоо есдүгээр сарын 8-9-нд Д.Нямсүрэнгийн 70 насны ой болно. Бид хэдхэн хоноод явах гэж байна. Тэгээд есдүгээр сарын 20-доор агуу их О.Дашбалбарын 60 насны ой болно. Увсынхан бөх, Дундговийнхон дуучин байдаг шиг Сүхбаатарынхан, Дорнодынхон шүлэгч байдаг нь Шилийн Богд, Дарьганга хилийн намхан бор толгодтой маань хамаатай байж магадгүй л юм. Манжийн дарлалын эсрэг тэмцэл, хил хязгаараа манаж суусан эр зоригтнуудын өлгий гээд тайлж болохгүй олон шижим, уялдаа холбоо бий дээ.
 
-Илэн далангүй сэтгэлээ уудлан ярилцсан танд баярлалаа?
 
-За яамд ч мөн гялайлаа. Эцэст нь хэлэхэд яруу найрагчид гэдэг эх орноо элгэндээ тэвэрсэн хүмүүс байдаг юм шүү. Танай сонины уншигчдад эрүүл энх, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байхын ерөөл өргөе.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хахаха 2017-09-04 18:10:57
    Мөнхбат чинь бөгсөндөө хавчуулаад байна.
  • ИРГЭД 2017-09-03 09:43:02
    АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ Л ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ДАА
  • irgen 2017-09-03 06:53:28
    eh ornoo elgendee teverdeggui hen bga yum be, ta nar shig orilj charladaggui l bolohoos. harin ch boditoi yum hiideg hun olon bii shuu.
  • Temerochiriig baga zaluu hyy baijee! 2017-09-02 15:02:00
    Ai Temerochir eh oronch maani Syhbaatar Dornodiihan sylegch nar baisiim gej heneggyi egyyleh ene er halsandaa hamaagyi abchih yy daa!!!!hajuud chini Hentiihen g...
  • Zochid 2017-09-02 11:34:53
    Hudlaa yriad l baigaarai naad Munhbat chini zahaas ni zaraad idchihsen ym bish biz....
  • Зочин 2017-09-02 09:31:36
    Сүхбаатар аймгийн урд талын сумынхан чинь Монгол улсынхаа өнцөг булан бүрээс хил юугаа манах гэж дйачлагдсан дайчин эрсийн үр сад учир их Эх оронч сэтгэлгээтэй...
  • Mongol 2017-09-02 09:16:47
    Хэнд ч хэрэггүй хоосон хоолны савнууд. Хөмөрсөн төмпөнгүүд хотоор нэг хог болж шаар шавхруунуудаар дүүрчээ. Үхээд өгөөч ээ та нар
  • N 2017-09-02 07:54:17
    Bi tanig hundeldeg negen bnalda.gehdee odoo tsag niigem maan nairagchid ta buhniig min Eh ornoo elgendee tevreed suuj baihiig chin harmaargui bna.
  • Цэрэндолгор 2017-09-02 05:33:44
    Тэмбүүт Алны Мээдээ 100 тэмбүү урга.